Улс төр
Д.Тогтохсүрэн: Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийг тус бүр хоёр мандаттай болгохоор ярьж байна
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна.
Бүлгийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэх юм байна. Нэгдүгээрт, тойрог байгуулах, мандат хуваарилах, хоёрдугаарт Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх эсэх, гуравдугаарт Аймаг нийслэлийн ИТХ-ын Сонгуулийн тухай хуультай холбоотой асуудлыг хэлэлцэх юм.
Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтай холбоотой УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг сонсож, бүлгийн шийдвэрийг гаргах юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “29 тойрог, 76 мандаттай байна. 29 тойргийн 20 нь орон нутагт байхаар тооцсон. Хотын тойргоос дөрвөн мандатыг хасна, хотын 28 мандатыг 24 болгохоор ярьж байна. Сонгуулийн тухай хуульдаа олон мандат бүхий томсгосон тойргоор явуулна гэж заасан. Тэгэхээр нэг тойрог хоёр ба түүнээс дээш мандаттай байх зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс хотоос дөрвөн мандатыг авч Дундговь, Булган, Сүхбаатар, Говь-Алтай аймагт нэмж байна.
Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэнэ. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хоёр тойрог болгох асуудал яригдаж байна. Баянзүрх дүүрэг 361 мянга, Сонгинохайрхан дүүрэг 330 орчим хүн амтай байна. Нэг нэр дэвшигч 300 мянган хүнд хүрч ажиллах хэцүү. Тиймээс сонгогчдод хүрч ажиллах байдлыг нь харгалзан үзнэ. Энэ бүхнийг бодож үзээд 2-3 мандаттай хоёр тойрог болгох асуудлыг ярьж байна. Бүлгийн хуралдаанаар эцэслэн шийднэ” гэсэн юм.