Дэлхий
Koронавирусийн нөлөөнөөс эдийн засгаа аврахын тулд АНУ бодлогын хүүгээ бараг 0 болгож буурууллаа
АНУ-ын Холбооны Нөөцийн банк Ням гарагт шинэ коронавирусийн сөрөг нөлөөнөөс эдийн засгаа аврахад чиглэсэн томоохон шийдвэрийг зарлалаа.
Уг арга хэмжээ нь Их Британи, Япон, Европын Холбоо, Канад, Швейцарийн төв банкнуудтай хамтран хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг юм байна.
Шийдвэр ёсоор бодлогын хүү 0-ээс 0.25 хувийн хооронд хүртэл буурснаас гадна Холбооны Нөөцийн банк нийт $700 тэрбумын хөрөнгийг эдийн засгийг тогтворжуулахад зориулж гаргахаар болжээ.
Засгийн газрын бондуудыг худалдаж авах замаар энэ мөнгийг санхүүгийн зах зээлд оруулах юм.
Шийдвэрийг зарласны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп авсан арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгджээ. АНУ-ын Холбооны Нөөцийн банк гуравдугаар сарын 2-ны өдөр ээлжит бус хурал зарлаж, бодлогын хүүгээ хагас нэгжээр буулгах шийдвэр гаргаж байв. Энэ нь 2008 оны санхүүгийн хямралаас хойш анх удаа ээлжит бус хурлаар бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргасан тохиолдол байлаа.
Коронавирусийн гамшиг хөрөнгө оруулагчдыг үргээснээс сүүлийн өдрүүдэд АНУ-ын хөрөнгийн зах зээл гүн уналтад ороод байгаа. Өнөөдөр зарласан Холбооны Нөөцийн банкны шийдвэр зах зээлд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Урьдчилсан байдлаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн фьючерсүүд шийдвэр гарсны дараа үргэлжлэн унах үзэгдэл ажиглагджээ.
Эх сурвалж: BBC