Энтертайнмент
Тамаваши Б.Мөнх-Оргил: Үзэгчгүй башёд бид одоо л дасч барилдаж байна
Японы мэргэжлийн сүмо бөхийн Сэкивакэ Тамаваши Батжаргалын Мөнх-Оргилтой фэйсбүүкээр холбогдож, цөөн асуултад товч тодруулга авав.
Энэ сарын башё шинэ коронавирусний улмаас үзэгчгүй явагдаж байгаа. Иймд бөхчүүдийн сэтгэлзүй, тэмцээний ерөнхий байдал хэрхэн үргэлжилж байгаа болон өөрийнх нь спортын замналын тухай ярилцсан юм.
Монгол Улсынхаа мэдээллийн сайтад анх удаа ярилцлага өгч буй түүнийг бөх сонирхогчид 2019 оны нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёд 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлж байсныг мэдэж байгаа билээ.
–Өнөөдрийн барилдаан хэрхэн өнгөрөв. Башё эхлэхийн өмнөх шөнө та хэр бөх унтдаг вэ?
-Өнөөдөр амжилттай сайхан барилдсан. Башё эхлэхийн өмнөх шөнө сэрвэлзээд бөх унтаж чаддаггүй. Тэр жишгээр энэ удаагийн башёг сэтгэл хөдлөлтэй угтлаа.
-Барилдааны өмнө хэр нервитдэг вэ?
-Янз бүр дээ. Барилдаанаасаа л шалтгаална. Хэнтэй таарахаас хамаарна гэсэн үг.
-Дэлхий нийтийг цочроож байгаа коронавирусний улмаас энэ удаагийн тэмцээн үзэгчгүй явагдаж байна. Ийм орчинд барилдаж байгаа танд болон бусад бөхийн сэтгэлзүй хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Тийм ээ, их эвгүй юм. Бөхчүүд бид дэмжихээр ирсэн хүмүүсээ харах, тэднийхээ дууг сонсох сайхан байдаг. Улам их хүч, зориг орох шиг болдог. Гэтэл энэ удаагийн тэмцээн ганц ч үзэгчгүй байгаад эхэндээ эвгүй, дасахгүй байсан. Бусад бөхчүүдийн хувьд ч мөн адил нөлөөлж байсан байх. Харин одооноос л дасч байна.
-Барилдаан болох өдөр бүр халуун хэмжиж байна гэж сонссон. Сүмогийн холбооноос өөр ямар нэгэн хяналт тавьж байгаа юу?
-Өглөө, оройд халуунаа тогтмол үзэж байгаа. Мөн сүмогийн ордонд орохдоо гараа ариутгаж, шаардлагагүй бол аль болох орж, гарахгүй, дэмжигчидтэйгээ гар барихгүй байх, сэтгүүлчдэд тодорхой заасан зайнаас ярилцлага өгөх зэрэг хяналт тавьж байгаа. Бид ч сайн биелүүлж байна.
–Та яг жилийн өмнө түрүүлж байсан. Тухайн үеийн сэтгэгдэл болон бэлтгэлийн талаар сонирхуулна уу. Мөн энэ удаа хэрхэн барилдах бол …?
-Тухайн үеийн бэлтгэл онцлох зүйлгүй урьдын адил л байлаа. Өмнө нь хийдэг бэлтгэлээ л хийсэн байсан. Тийнхүү түрүүлж, 15 жил бодож байсан мөрөөдлөө биелүүлсэндээ үнэхээр их баяртай байгаа. Энэ удаад ч мөн адил башё дуустал хичээж барилдана аа.
-Мөн тэр өдөр тусгай шагнал хоёрыг гардсанаас гадна хоёр дахь хүүгээ өлгийдөж, баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон …
-Тийм шүү. Тэр өдөр хэзээ ч мартагдахааргүй өдөр болсон. Тэгээд би хүүдээ Эрмүүн гэдэг нэр хайрласан. Мөн гарамгай бөхийн шагнал, канто шо буюу дайчин барилдааны шагналыг хосоор нь хүртсэн.
–Сүмогийн түүхэнд жилд зургаан тэмцээн болох болсон 1958 оноос хойш анхны түрүүгээ хүртсэн хамгийн ахмад (35 настайдаа түрүүлсэн) бөхчүүдийн нэг бол та. Таниас өмнө Монгол Улсын гавьяат тамирчин, Кёкүтэнхо Н.Цэвэгням 37 настайдаа анхны түрүүгээ авснаар дээд амжилт тогтоосон. Тэгэхээр Монгол бөхчүүдийн онцлог спортын хувьд нас ахисан ч барилдах чадвар нь саардаггүй давуу талтай юм гэж ойлгож болох уу?
-Монгол залуучууд 30 наснаас эхэлж илүү хүч бяртай болдог байх. Энэ жишгийг бид хоёроос гадна манай олон аварга илтгэж байна шүү дээ.
–Таны биеийн жин, өндөр хэд вэ. Монголоос очихдоо хэд байсан бэ?
-Анх ирэхэд өндөр 186, жин 115 хавьцаа байсан. Одоо өндөр 189, жин 168 байна.
–Таныг чөлөөт бөхийн суурьтай гэж сонссон. Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарди П.Сүхбат агсны шавь байсан гэдэг юм билээ …
-Би багштайгаа нэг байранд амьдардаг байсан юм. Тэр үед багш чөлөөт бөхийн секцээ нээхэд нь орж байлаа. Гэхдээ их богино хугацаанд хичээллэсэн. Ямар нэгэн амжилт ч гаргаж амжаагүй.
-Та дунд болон дээд сургуулиа хаана төгссөн бэ?
-Дунд сургуулиа “Ирээдүй цогцолбор” 86 дугаар сургуулийг төгсч, Технологийн дээд сургуульд Зочид буудлын менежер мэргэжлийг эзэмшсэн.
-Таныг нэлээн хожуу сүмогоор барилдсан гэсэн. Яагаад тэр вэ?
-Мэргэжлээрээ ажиллана гэсэн бодолтой яваад хугацаа алдсан тал бий.
–Одоо барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн гол өрсөлдөгч хэн бэ. Мөн барилдаан таардаггүй бөх гэвэл …
-Барилдаж байх үед бүгд л өрсөлдөгч байдаг. Барилдаан таардаггүй гэвэл хэдэн хүн бий. Үүнийг бөх сонирхогчид мэдэх байх аа.
-Хакүхо М.Даваажаргалтай барилдахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Аваргатай барилдахад сандрах үе байдаг ч давна гэсэн бодолтой барилддаг.
-Ер нь та сүмог сонгосон шалтгаан юу вэ. Чөлөөт бөхийн төрлөөр тууштай хичээллэх боломж байгаагүй юу?
-Сүмогоор барилдвал болмоор юм шиг санагдаад л сонгосон. Энэ сонголт маань буруудсангүй ээ. Би анх 2004 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн. 2008 оны нэгдүгээр сард жүрёо зиндаанд дэвшиж, мөн оныхоо есдүгээр сард дээд зиндаанд хөл тавьсан. Харин 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмогийн хамгийн өндөр буюу саняаку цол хүртэж байлаа.
-Үндэсний бөх эсвэл чөлөөт бөхөөр барилдсан бол өнөөдөр ямар амжилт үзүүлэх байсан бол …
-Яг үнэндээ бөхийн спортоор бусад хүүхэд шиг шунаж хичээллээгүй ээ. Манай гэр бүлд бөхийн удам байхгүй болохоор тэгсэн байх. Зөвхөн биеэ хөгжүүлэх үүднээс л чөлөөт бөхийн секцэд орж байлаа. Үндэсний бөхөөр барилдсан бол ямар амжилт үзүүлэх байснаа ч мэдэхгүй байна. Ямар ч байсан сайн барилдахын тулд одоогийнх шигээ хичээх байсан байх.
–Та спортын замналаа хэдэн жил хадгална гэж бодож байна вэ?
-Тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хүчээ дайчлаад, эцсээ хүртэл барилдана даа.
–Сүмочид зодог тайлахаараа Японы иргэн болох нь элбэг. Харин та ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Энэ талаар бодож эхлээгүй байна. Одоогоор барилдаанууддаа л анхаарч байна.
-Улсын баяр наадамтай харьцуулахад та Монгол Улсын арслан цол хүртсэн хүн. Тэгэхээр хэдэн туслахтай, ямар хангамжтай байдаг бол. Олон хүн үүнийг сонирхдог л доо …
-Хангамж гэж байхгүй ээ. Одоогоор дэвжээндээ хоёр залуу бөхтэй байгаа. Тэднээрээ туслахаа хийлгэдэг. Мөн намайг үргэлж дэмжиж, хурцалж байдаг ханьдаа баярладаг. Түүнийг минь Э.Мишээл гэдэг. Ар талыг минь сайн авч явдаг даа.
Тамаваши Б.Мөнх-Оргилын товч мэдээлэл:
Шикона Тамаваши Ичиро
Жинхэнэ нэр Батжаргалын Мөнх-Оргил
Төрсөн өдөр 1984 оны 11 сарын 16 (36 настай)
Төрсөн газар Монгол Улс, Улаанбаатар
Харьяалагдах дэвжээ Катаонами дэвжээ
Амжилт:
Одоогийн банзүкэ Барууны 1-р маэгашира
Хамгийн өндөр цол Зүүний сэкивакэ
Нийт барилдаан 551 ялалт 525 ялагдал (85 башё)
Макүүчи дэх барилдаан 368 ялалт 412 ялагдал (52 башё)
Түрүү Макүшита 1
Жүүрёо 1
Шагнал уран барилдааны 1
Кинбоши 2
Тоо баримт
Анхны башё 2004 оны 1 сар
Макүүчид дэвшсэн
-Ярилцсанд баярлалаа.