Дэлхий
Берни Сандерс Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас мултарлаа
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлал өндөр хэмээн тооцогдож байсан Вермонт муж улсын сенатч Берни Сандерс Ерөнхийлөгчийн сунгаанаас гарч буй талаар BBC агентлаг мэдээллээ.
Өдгөө 78 настай Берни Сандерс өнгөрсөн аравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас өөрийн хүсэлтээр гарч буй талаар мэдээлж байсан ч хэсэг хугацааны дараа сонгуулийн сунгааны ажлыг дахин үргэлжлүүлсэн.
Харин энэ удаад тэрбээр эцсийн шийдвэрээ гаргасан бөгөөд энэ талаар “Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших энэ “тулаанд” бие ялалт байгуулахгүй гэдгээ ойлгосон. Иймээс Ерөнхийлөгчийн сунгаанаас мултарч буйгаа албан ёсоор мэдээлж байна” гэв.
Ийнхүү Ардчилсан намаас АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден тунаж үлдлээ. Тэрбээр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр сунгааны ажлаа идэвхтэй үргэлжлүүлж буй. Берни Сандерс түүнд амжилт хүсэж, “Орчин үеийн Америкийн түүхэн дэх хамгийн аюултай Ерөнхийлөгч Доналд Трампыг ялан дийлэхийн тулд түүнтэй хамт тэмцэх болно” гэв.
АНУ-ын сонгуулийн жил нэгдүгээр сараас эхлэн долдугаар сарын дунд хүртэл үргэлжилдэг. Бүгд Найрамдах болон Ардчилсан намын дотоод сунгааны мужуудын санал хураалтын хамгийн чухал өдөр бол жил бүрийн хоёр юмуу гуравдугаар сарын аль нэг мягмар гараг зохион байгуулагддаг. Тус санал хураалтаар хэн нь олонхын санал авч ялсан нь намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг өвөртөлнө.
Эх сурвалж: BBC News