Дэлхий

Умард Солонгосоос дүрвэж ирээд саятан болсон дипломатч Өмнөд Солонгосын парламентын сонгуульд өрсөлдөж байна

Нийтэлсэн

Умард Солонгосын дүрвэгчдийн дотроос хамгийн өндөр албан тушаал хашиж байсан хүн болох Тэ Ён Хо өнөөдөр Өмнөд Солонгосын парламентын сонгуульд гол сөрөг хүчний намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.

Тэрээр Лондон хот дахь Умард Солонгосын элчин сайдын яамны дэд сайдаар ажиллаж байгаад 2016 онд эхнэр, хоёр хүүгийн хамт Өмнөд Солонгост дүрвэж иржээ.

Нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ Тэ Ён Хо 975 сая воны бэлэн мөнгө, 890 сая воны үл хөдлөх хөрөнгө, нийт $1.5 сая орчмын хөрөнгөтэй болохоо мэдүүлсэн байна.

Эрх баригч Солонгосын Ардчилсан Намын хэвлэлийн төлөөлөгч Пак Сан Мин саяхан Тэ Ён Хогийн баян тансаг амьдралыг шүүмжилж, хэрхэн хөрөнгөтэй болсноо тайлбарлахыг шаардсан юм.

Тэгвэл сөрөг хүчний Нэгдсэн Ирээдүй намын сонгуулийн хорооны тэргүүн Пак Хюн Жүн өчигдөр хэвлэлд ярихдаа өөрийн намын нэр дэвшигч Тэ Ён Хог өмгөөлсөн мэдэгдэл хийжээ.

“Тэ Ён Хо бол илтгэл тавих, ном бичих зэрэг хууль ёсны арга замаар хөрөнгөтэй болсон хүн. Энэ нь Өмнөд ба Умард Солонгосын эрс тэс ялгааг харуулж байна. Өмнөд Солонгост сайн хөдөлмөрлөвөл хэн ч баяжих боломжтой” гэж тэр тайлбарлажээ. Тэ Ён Хо 2018 оны тавдугаар сард өөрийн амьдралыг өгүүлсэн дурсамж номоо гаргасан нь Өмнөд Солонгост бэстселлэр болж байв.

Одоо 57 настай Тэ Ён Хо тус улсын хамгийн чинээлэг тойрог болох Сөүл хотын Ганнам дүүрэгт эрх баригч намаас дөрвөн удаа парламентад сонгогдож байсан Ким Сун Гонтой өрсөлдөж байгаа юм.

Эх сурвалж: Korea Times

Exit mobile version