Covid-19
Герман эмч нар хамгаалах хувцасны хомсдолыг эсэргүүцэж нүцгэн зургаараа “давлагаалжээ”
Герман эмч нар Covid-19 халдварт өвчнөөс өөрсдийг нь хамгаалах хувцас, хэрэглэл хомсдолтой байгааг эсэргүүцэж нүцгэн зургаараа “давлагаалжээ”.
Тус улсад коронавирусийн анхны тохиолдол илрэхэд л тэд эрх баригчдыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэж байв. Тиймээс ямар нэгэн байдлаар анхаарал татахын тулд эмч нар чагнуур болон бичиг баримт, самбар, араг яс, ариун цэврийн цаасаар биеэ халхалсан зургаа Blanke Bedenken сайтад тавьсан байна.
Тэд коронавирусийн халдвар авах эрсдэлтэй байгаагаа байнга мэдэрдэг гэх бөгөөд “Хамгаалах хувцас дуусвал бид ингэж харагдах болно” хэмээн бичсэн байна.
Эмч Рубен Бернау “Бид вирусийн өмнө нүцгэн мэт л зогсож байна” гэжээ
Эмч Рубен Бернау “Надад болон багийнханд маань вирусийн эсрэг зогсоход хангалттай хэмжээний хамгаалах хувцас хэрэглэл алга. Бид вирусийн өмнө нүцгэн мэт л зогсож байна” гэжээ.
Герман эмч нар нэг бус удаа энэ асуудлаар эрх баригчдад хандаж байв. Хамгаалах хувцас хэрэглэл хийдэг Германы үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлсэн ч амны хаалт, хамгаалалтын нүдний шил, бээлий, хувцасны эрэлтийг гүйцэж чадахгүй байгаа аж.
Тус улсад хийсэн судалгаагаар одоогоор эрүүл мэндийн салбарын ажилчдад нэг удаагийн хэрэглээний 100 сая гаруй амны хаалт, 50 сая гаруй шүүлтүүртэй амны хаалт, 60 сая гаруй хормогч мөн төчнөөн тооны бээлий дутагдалтай байна гэжээ.
Германд коронавирусийн халдварын 159 мянга гаруй тохиолдол илэрч, 6314 хүн нас бараад байна.
Эх сурвалж: CNN, Pravda