Ерөнхийлөгч
Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад гурван сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, үйлдвэрлэл, нөөц бололцоонд түшиглэн явуулж буй учраас ажил саадгүй үргэлжилж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, ЗХЖШ-ийн дарга, хошууч генерал Д.Ганзориг болон бусад албаны хүмүүс дагалдан ажиллав.
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг ЗХЖШ, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд газар шорооны ажлын 60 гаруй хувийг хийж дуусгажээ.
Мөн өнгөрсөн хугацаанд хиймэл байгууламжийн буюу гүүр, хоолой, гарам зэргийн ажилд шаардагдах бетон зуурмагийг үйлдвэрлэх найман үйлдвэр, дээд бүтцийн чулуу бутлуурын таван үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр төмөр замын барилгын ажилд шаардагдах бетон зуурмаг, балластыг дотоодоос бүрэн хангах боломжтой боллоо.
ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн мөн төмөр дагуух өртөө, зөрлөгийн ажлыг хариуцаж, эхнээс нь ашиглалтад оруулж эхэллээ. Зөрлөгийн болон ажилчдын орон сууцыг халуун хүйтэн ус, халаалттай барьж, байгуулсан нь дараа, дараагийн өртөө, зөрлөгийн жишиг болж байна.
