Covid-19
ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол хоногт 13.6 мянгаар нэмэгдэж, 1.2 сая давав
ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол сүүлийн гурван өдөр дараалан огцом нэмэгдэж, өвчилсөн хүмүүсийн тоо 1.2 сая давлаа. Москва хотод шөнийн клуб, цэнгээний газар, караоке зэрэг үйлчилгээний газруудыг түр хаах асуудлыг судалж байна. Тус хотод баярын жагсаал, үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх санал асуулгын өмнө буюу зургаадугаар сард хязгаарлалтуудаа сулруулсан юм.
Европоос Чехэд нөхцөл байдал ихээхэн хүнд байна. Урлаг, соёлын арга хэмжээг хориглож зарим сургуулиудыг түр хаасан тус улс хязгаарлалтаа дахин чангатгахаар төлөвлөж байна. Хэдий тийм боловч эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хамгийн бага байлгахаар тооцоолжээ. Өнгөрсөн долоо хоногт Испанийн Мадрид хотод онц байдал зарласан бол бусад хотуудад хязгаарлалтыг чангатгаж эхэллээ.
Италид халдварын шинэ тохиолдол гурав дахь өдрөө дараалан 5000 давсан байна. Ингэснээр гуравдугаар сараас хойших хоёр дахь хамгийн дээд түвшиндээ хүрлээ. Мөн Австрид халдварын шинэ тохиолдол цар тахал эхэлснээс хойших хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө “COVID-19”-ийн халдвар тараах эрсдэлгүй гэж мэдэгдлээ. Тэрбээр сонгуулийн кампанит ажилдаа эргэн орохоор төлөвлөөд байгаа юм. АНУ-д халдварын тохиолдол дөрөв дэх өдрөө дараалан хоногт 50 гаруй мянгаар нэмэгдлээ. Цагаан ордонд эдийн засгаа дэмжих шинэ төсвийн төслийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт үргэлжлэх төлөвтэй байна.
Харин Австрали улс олон улсын зорчигч тээврээ эргэн нээхээр Япон, Сингапур болон БНСУ-тай хэлэлцээ хийж байна. Австралийн био-аюулгүй байдлын гол лабораторийн олж тогтоосноор мөнгөн дэвсгэрт, гар утасны дэлгэц болон бусад гадаргуун дээр тогтсон “коронавирус” 28 хоногийн турш халдварлах эрсдэлтэй гэжээ.
Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын 37.7 сая, эндсэн нэг сая 81 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 28.3 сая давжээ.