Ерөнхийлөгч
Х.Баттулга: Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа бол бодлогоо гаргах хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Хөвсгөл аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзав. Уулзалтын үеэр Хөвсгөл аймгийн иргэд бүс нутгийн аялал жуулчлал, байгаль орчин, эко системийн доройтлын талаар олон санал хэлжээ.
Энэ талаар Ерөнхийлөгч “Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа бол хөгжүүлсэн шиг хөгжүүлэх хэрэгтэй. Бид бодлого гаргах ёстой. Тухайлбал, хаана ямар байдлаар аялал жуулчлалын зориулалтаар газар өгөх, ресторан, зочид буудлаа ямар байршилд төлөвлөх гэх мэт асуудлыг бодож ажиллах хэрэгтэй. Одоогийнх шиг нийтэд нь томоохон газар өгчихөөр стандартын бус дэд бүтэц хийгддэг. Аялал жуулчлал үйлчилгээгээ дагаж хөгждөг учраас энэ асуудалд ялангуяа Хөвсгөл аймаг маш сайн анхаарах ёстой” гэлээ.
Түүнчлэн уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ тэрбээр “Монгол Улс 1.5 сая км хавтгай газар нутагтай, өргөн уудам орон. Аймаг, сум болгон өөрсдийн гэсэн онцлогтой. Бүс нутаг, бүсчилсэн газрууд нь онцлогтой. Тухайлбал говь, хангай нутаг, баруун, зүүн бүс гэхэд өөрсдийн гэсэн онцлогтой, үүнийгээ дагаад өөр өөр асуудалтай байдаг” хэмээн онцоллоо.
Гэсэн хэдий ч орон нутгийн иргэдтэй хийж буй цуврал уулзалтуудын үеэр иргэдийн зүгээс шударга ёсны гажуудал, намчирхал, ядуурал, тэтгэвэр халамж, хөдөө аж ахуйн салбарын хөгжил зэрэг нийтлэг сэдвээр санал хүсэлтээ давтамжтай илэрхийлж буйг тэмдэглэж, эдгээр асуудлуудад бүх түвшиндээ онцгой анхаарал хандуулж ажиллах хэрэгтэйг санууллаа.
