Covid-19
Д.Нямхүү: Коронавирус цусыг өтгөрүүлдэг учраас зүрх судасны өвчтэй, даралт ихтэй хүмүүс хүндэрч байна
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, коронавирусийн халдварын улмаас эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа хүмүүсийн зургаагийнх нь биеийн байдал маш хүн байна. Эдгээр хүний биеийн байдал коронавирусийн халдвар биш архаг суурь өвчин буюу зүрх судас, даралт ихтэйн улмаас хүндэрч байгаа. Коронавирус цусыг өтгөрүүлдэг нь эдгээр хүмүүст хүндээр тусаж байна. Чихрийн шижин өвчтэй гурав, цус харвасан саажилттай хүн халдварын улмаас эмчлүүлж байгаа.
Өнгөрсөн хугацаанд өвчилсөн хүмүүсийн 30 хувьд нь уушгины хатгаа, уушгинд нэвчдэс үүссэний улмаас эмчлүүлсэн.
Сүүлд гурван хүн амьсгалын аппаратанд орсон бөгөөд одоогийн байдлаар уушгины нэвчдэс шимэгдээд сайжирч байгаа” гэв.
Мөн тэрбээр шинжилгээ маш олон тоогоор хийгдэж байгаа тул зохион байгуулалт дээр их анхаарч ажиллаж байгааг хэлсэн юм. Энэ хүрээнд сорьцын тэмдэглэл дээр гаргацтай сайн бичих, түргэвчилсэн тестээр эерэг гарсан тохиолдлуудыг маш түргэн PCR шинжилгээний хариу гаргах зохион байгуулалтыг хийж байгаа аж.