Дэлхий
Дональд Трамп 2024 оны сонгуульд дахин өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ
Саяхан Цагаан ордонд болсон хүлээн авалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрвөн жилийн дараа болох сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа ярьсныг уг арга хэмжээнд оролцсон гэрчүүд мэдээлжээ.
Тэрбээр энэ удаагийн сонгуулийг луйвар, будлиантай болсон гэж үзээд өрсөлдөгч Жо Байдены ялалтыг хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.
Трамп сонгуулийн үр дүнг өөрчлөхийн тулд шүүх дээр тэмцэж байгаа ч үр дүн муутай байна. Хэрвээ энэ удаа ялж чадахгүй бол 2024 оны сонгуульд өрсөлдөнө гэдгээ тэр мэдэгджээ.
“Бид дахин дөрвөн жил ерөнхийлөгчөөр ажиллахын төлөө тэмцэж байна. Хэрвээ энэ тэмцэл үр дүнд хүрэхгүй бол дөрвөн жилийн дараа уулзацгаая” гэж Трамп хүлээн авалтын үеэр зочдод хандаж, мэдэгдсэн байна.
Энэ оны сонгуулийн үеэр сонгогчдын саналыг луйвардах оролдлого гарсныг холбогдох албаныхан үгүйсгэж байгаа. Трампын засаг захиргааныхан ч үүнийг хүлээн зөвшөөрч эхлээд байна. Тухайлбал Трампын томилсон ерөнхий прокурор Уилльям Барр сонгуульд луйвар орсон гэх ямар нэг баримт нотолгоо олдоогүйг Мягмар гарагт мэдэгдсэн юм.
Арваннэгдүгээр сарын 3-нд болсон сонгуулийн санал хураалтын дараа Дональд Трамп ивээн тэтгэгчид, дэмжигчдээсээ $170 сая орчмыг “Сонгуулийг Хамгаалах Сан” нэртэй санд цуглуулж чадсан гэх мэдээлэл бий.
Тэрбээр энэ хөрөнгийг цаашдын улс төрийн үйл ажиллагаандаа, тэр дундаа дараагийн сонгуулийн кампанит ажилдаа зарцуулах магадлалтай байна.
Сонгуулийн ялагчаар тодорсон Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден одоогоор засгийн газраа байгуулах, эрх мэдэл шилжүүлж авах ажлыг эхлүүлээд байгаа.
Түүний баг хамгийн түрүүнд коронавирусийн цар тахалтай хийх тэмцлийг эрчимжүүлэх, хямарсан эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: Reuters