Бидэнтэй нэгд

Яам

С.Баясгалан: 2050 Он Гэхэд Аялал Жуулчлал, Уул Уурхайн Экспортын Орлого Тэнцэнэ

Нийтэлсэн

Монгол Улсын Хөгжлийн гурван тулгуурын нэг аялал жуулчлалын салбарт сүүлийн үед хэрэгжүүлж буй ажил, төслүүдийн зорилго, үр дүнгийн талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалантай ярилцлаа.

-Аялал жуулчлалыг хөгжлийн нэг тулгуураар нэрлэсэн. Өнгөрсөн хугацаанд олж авсан алдаа болон сургамж юу байв?

-Хэдийгээр аялал жуулчлал 1990 оноос л өнөөгийн дүр төрхөө олж, хөгжиж буй салбар ч 2018 оны байдлаар төсөвт 596 сая орчим ам.доллар буюу 1.5 их наяд гаруй төгрөгийн орлого бүрдүүлж, 35 мянган шууд ажлын байр бий болгодог эдийн засгийн гол тулгууруудын нэг болоод байна. Зохистой бодлогоор явуулбал орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлж, соёлын өвийн менежментийг сайжруулж, байгаль орчныг хамгаалах боломжтой салбар. Харин зохион байгуулалтгүй хөгжүүлбэл хог хаягдал, орчны бохирдол үүсдэг эрсдэлтэй нь сүүлийн жилүүдэд харагдаж байна. Үр өгөөж ихтэй, орлого нь эдийн засгийн 13 салбарт тарж ордог, тэгш бус байдлыг бууруулахад чухал боловч салбар дундын зохицуулалт шаарддаг онцлогтой. Тиймээс урт хугацаандаа үр өгөөжийг нь хүртье гэвэл зөв бодлогоор авч явах ёстой. БОАЖЯ-ны хувьд Аялал жуулчлалын тухай хуульд заасны дагуу Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах, эл зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого хэрэгжүүлдэг.

-Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс 2018 онд найман байр ахисан. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?

-Энэ индексээр манай улс 2017 онд 136 улсаас 102 дугаарт эрэмбэлэгдэж байв. Манай салбарыг доош нь татдаг таван үзүүлэлт бий. Тухайлбал, аялал жуулчлалын олон улсад нээлттэй байдал буюу визийн бодлогоор бид 125 дугаарт буюу сүүлийн аравт ордог. Мөн агаарын тээврийн болон газрын боомтын дэд бүтэц, үйлчилгээний чанар хүртээмж, аялал жуулчлалыг тэргүүлэх бодлогод авч үздэг эсэх гэсэн үзүүлэлтүүд манай салбарын хөгжилд тулгамдаж буй асуудал юм. Эдгээр асуудлаа шийдвэрлэж, бүс нутагт, олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулж байж л жуулчдын тоог нэмэгдүүлнэ. Тиймээс БОАЖЯ-аас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгох хүрээнд Аялал жуулчлалын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг энэ оны наймдугаар сарын 21-ий өдрийн Засгийн газрын 333 дугаар тогтоолоор батлуулсан. Уг баримт бичигт дэд бүтэц, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, улирлын хамаарлыг бууруулах зэрэг нарийн асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Үүнээс гадна үйлчилгээний чанар, газрын боомтуудыг жуулчдад ээлтэй болгох хүрээнд хэд хэдэн ажил хийж эхэлсэн. Агаарын тээврийн урсгал ч энэ жил овоо нэмэгдсэн.

 -Сүүлийн үеийн статистикийг харахад жуулчдын тоо хагас сая орчимд хэлбэлзэж байна. Тээвэр, үйлчилгээ, визийн нөхцөлөө сайжрууллаа гэхэд аялал жуулчлалын нийт багтаамж хэр байгаа вэ?

-2019 оны эхний хагас жилийн байдлаар аялал жуулчлалын салбар нэг хоногт 72 мянган ор хоногийн даацтай. Бүрэн хүчин чадлаараа бол 5-9 дүгээр сард 1.2 сая жуулчин хүлээж авах боломжтой юм. Нэг жилд биш таван сард л нэг сая жуулчин хүлээж авах дотоод даац бий.

-Зургаан аймгийн онгоцны буудлыг олон улсын статустай болгохоор ажиллаж байгаа нь ямар ач холбогдолтой вэ?

-Энэ бол аялал жуулчлалын чиглэлээр төрөөс баримтлах бодлогод тусгасан ажил. Жуулчин хүнд нэн түрүүнд визийн нөхцөл, нислэгийн үнэ аялах шийдвэрээ гаргахад нөлөөлдөг. Дэлхийн нийт жуулчдын 57 хувь нь агаарын тээврээр зорчдог бөгөөд дийлэнх нь жилдээ нэг бус хэд хэдэн газраар аялах сонирхолтой учраас агаарын тээвэр маш чухал. Гэтэл Монгол Улс өргөн уудам газар нутагтай ч олон улс руу агаарын тээврийн ганцхан хаалгатай. Бүргэдийн баяр үзэхээр ирж буй жуулчид 1000 орчим ам.доллар зарцуулж Улаанбаатарт нисэж ирээд, дахиад Баян-Өлгий рүү хоёр хоног явахад зардал ихтэй, цаг хугацаа алдаж байна. Тиймээс олон улсад гарах хаалганы тоог нэмэгдүүлэх нь үүнийг шийдвэрлэх, бас бүс нутгуудад өндөр үр ашигтай жуулчин авах боломж бүрдүүлж, хүртээмжийг нь сайжруулах нэг арга зам. Тэгэхгүй бол одоо Улаанбаатарт ирж буй 260 гаруй мянган жуулчныг л булаацалддаг. Нисэх буудлуудын хувьд Увсаас бусад нь олон улсын статустай. Эдгээр буудлыг олон улсын жишигт хүргэх дэд бүтэц, үйлчилгээтэй болгох хөрөнгө оруулалтыг шийдэхэд манай яам голчлон ажиллаж байна. Одоогоор шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээнээс гадна орон нутгийн үр өгөөж, бүс нутгийн хөгжил, авиа компаниудад ашигтай эсэх, нисэх буудлын ашиглалт гэх мэт олон талаас нь судалж тооцоо хийгээд, Дэлхийн банк, ЖАЙКА болон олон улсын доноруудад хүргүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжинд Дэлхийн банк болон ЖАЙКА хөрөнгө оруулалт хийх сонирхолтойгоо илэрхийлсэн. Мөн энэ оны аравдугаар сарын 25-нд Японы Осака хотод болсон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр БОАЖ-ын сайд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвилитай уулзаж, хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулсан.

Аймгуудад олон улсын нислэг үйлддэг болсноор бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүдийг тэлж, аяллын богино зайн нислэгүүд бий болж, жуулчдын тоо болон агаарын тээврийн олон улсын даац нэмэгдэнэ. Мөн low cost airline буюу хямд үнэтэй нислэгийн үйлчилгээ орж ирэх боломж нээгдсэнээр зах зээл дээр үнийн өрсөлдөөн бий болгоно.

-Аялал жуулчлалын салбарын төсөв нэлээд нэмэгдсэн. Зарцуулалт нь юунд голлон чиглэж байна вэ?

-Гурван тулгуурт хөгжлийн бодлого батлаг- дахаас өмнө аялал жуулчлалын салбарт нэг тэрбум орчим төгрөг төсөвлөдөг байсан. Харин эдийн засгийн нэг тулгуур салбар болгож авч үзсэнээс хойш 2018 онд анх удаа зургаа орчим тэрбум төгрөгийн төсөв баталлаа. Юуны өмнө бид энэ төсвөөр гадаад сурталчилгаа, маркетингаа идэвхжүүлж байна.

Олон улсын томоохон үзэсгэлэнд улсаа сурталчлах ажлыг төр, хувийн хэвшил түншилж, зардлаа эн тэнцүү хуваах замаар явуулдаг. Энэ жил хийсэн онцлох сурталчилгаа бол 2019 оны 01.31- 02.03-нд Швейцарийн Цюрих хотноо зохион байгуулсан FESPO үзэсгэлэнгийн албан ёсны түнш орноор оролцсон явдал. Нийт 300 орчим сая төгрөгийн санхүүжилттэй, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, үр дүнд нь 2.5 тэрбум төгрөгийн сурталчилгаа хийсэн. Швейцар жуулчид дэлхийд хамгийн өндөр зарцуулалттай бөгөөд ахимаг насныхан зонхилдог тул өндөр үр өгөөжтэй багц аяллыг сонгож, урт хугацаанд аялдаг. Монгол Улсад оруулж буй эдийн засгийн үр өгөөж нь жилд 9.6 тэрбум төгрөгөөр хэмжигддэг. Үзэсгэлэнгийн таван өдрийн турш Швейцарын 25 телевиз Монгол Улсын сурталчилгааны самбарын дэргэд мэдээ мэдээллээ бэлдэж ажилласан. Бас 350 орчим мянган уншигчтай, өдөр тутмын дөрвөн сонинд Монгол Улсын сурталчилгааг 4-5 нүүрээр гаргасан гээд үр дүнтэй сурталчилгаа хийсэн Харамсалтай нь, Швейцарын Цюрих болон бусад хотын иргэд Монгол Улсад аялахын тулд заавал Женев хотод очиж виз мэдүүлдэг. Бид улс орноо сайхан сурталчилдаг ч жуулчиддаа үүдээ бүрэн дэлгэхгүй байна.

-Цахим сурталчилгаанд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Гуравдугаар сард Берлин хотод болсон ITB Веrlin-д оролцохдоо Монгол Улс аялал жуулчлалын Mongolia travel цахим платформтой болсноо зарласан. Уг платформ хиймэл оюун ухаанд суурилсан бөгөөд Германы хамтын ажиллагааны GIZ байгууллага санхүүжилтийнх нь 50 хувийг хариуцаж, төсвөөс үлдсэн 15 мянган ам.доллар гаргасан. Платформд манай аялал жуулчлалын бүх бизнес, нутгийн иргэд ч холбогдох боломжтой бөгөөд гадаадын жуулчид, дотоодын аялагчид контент бүрдүүлэгч нь болж байгаа юм. Аяллынхаа талаар ямар нэг эерэг сэтгэгдэл бичиж, дурын сошиал орчинд #FeelMongolia гэсэн хаштаг ашиглан public тохиргоотой тавих замаар Mongolia Travel платформд контент нийлүүлж болно. Тэгэхээр Монгол Улсын эерэг сурталчилгааг гадаад, дотоодын бүх аялагч хийж байна гэсэн үг. Өмнө нь “Орхоны хүрхрээ гэж ийм гоё газар” гэж сурталчилдаг байсан бол одоо Тrip Advisor зэрэг аяллын платформыг харахад “Орхоны хүрхрээ ийм гоё газар юм билээ” гэж тухайн газар аялсан жуулчны мэдэрсэн мэдрэмж, төрсөн сэтгэгдлээр нь сурталчилгаа хийдэг болсон. Аялагчид аялсан газар, үйлчлүүлсэн хүний сэтгэгдэлд суурилан шийдвэр гаргадаг тул бид ийм сүүлийн үеийн арга технологид суурилсан платформ нэвтрүүлсэн. Зураг, дүрс постлохдоо гол нь биш иргэд, бизнес эрхлэгчид үүгээр дамжуулж орлого олох боломжийг бүрдүүлэх нь чухал. Тиймээс ч энэ боломжийг аялал жуулчлалын салбарт    цахим технологи нэвтрүүлэх замаар бүрдүүлж буй нэг том ажил юм.

-Улсын төсвөөр хийж байгаа томоохон ямар бүтээн байгуулалтууд байгаа вэ?

-Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 2018 оноос тус бүр хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Батноров, Биндэр суманд бүтээн байгуулалт хийж байгаа бөгөөд ирэх сард хүлээж авна. Мөн тус аймгийн Норовлин суманд “Шихихутаг” хэмээх аялал жуулчлалын цогцолборыг 2020 онд ашиглалтад оруулахаар барьж эхэлсэн. Эдгээрээс гадна энэ жил Завхан аймгийн Улаагчны хар нуурт аялал жуулчлалын дэд бүтэц, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд улсын төсвөөс гурван тэрбум төгрөг хуваарилсан. Гэхдээ энэ бүтээн байгуулалтыг тухайн орон нутагт даалгасан. БОАЖЯ-аас баримталж буй нэг бодлого бол орон нутгийн оролцоог аль болох их байлгах сонирхолтой. Улаагчны хар нуурын хувьд орон нутгийн удирдлага нөхцөл байдлаа сайн мэдэх учраас шийдлээ ч өөрсдөө хийх нь оновчтой. Мэдээж яамны зүгээс бодлогын нийцлийг хангаж, хяналтаа тавина.

Түүнчлэн олон жил ярьж буй бас нэг асуудал болох авто зам дагуу 200-250 км тутамд жуулчдад зориулсан түр буудаллах, аюулгүй байдлыг хангасан үйлчилгээний цэгүүдийг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттайгаар байгуулах ажлыг ЗТХЯ-тай хамтран хийж байна. Эхний ээлжинд энэ онд Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутагт байдаг Redrock цогцолбор орчимд “Өндөр-Улаан трейвэл” компанийн зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар үйлчилгээний цэг байгуулж, ирэх оны сүүлээр ашиглалтад оруулахаар тооцож байна. Энд кофешоп, худалдаа, сувенир дэлгүүр, музей, дугуйн түрээс, морь унуулах үйлчилгээ, 200-300 хүний багтаамжтай задгай театр гэх мэт үйлчилгээ төвлөрнө.

-Донор байгууллагын санхүүжилтээр ямар төслүүд хэрэгжиж байгаа вэ?

-Манай салбарын түүхэнд анх удаа 100 орчим тэрбум төгрөг буюу 38 сая ам.доллараар тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөл аялал жуулчлалын хувьд харилцан адилгүй хөгжил, нөөц боломжтой Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжинэ. Хөвсгөлд жуулчдын урсгал их боловч зохион байгуулалтгүй явснаас хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө бий болох хандлага ажиглагдаж эхэлсэн. Тиймээс төслөөр зохион байгуулалт, дэд бүтцийг нь сайжруулах, нутгийн иргэдийг чадавхжуулаар зорьж байна. Энэ хүрээнд 37.9 км автозам тавих, хатуу хог хаягдал булах төв, Хатгал, Ханх суурингуудад ердийн болон шингэн хог хаягдлыг нөөцлөх цэг, аялал жуулчлалын гол чиглэл дагуу автомашины зогсоолууд, түр буудаллах болон мэдээлэл үйлчилгээний төв зэрэг байгуулна.

Харин Хэнтийн дэд төсөл нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгоход чиглэнэ. Нийт 19 сая ам.долларын төсвийн 90 орчим хувиар “Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан” цогцолбор  байгуулна. Олон улсад жуулчдын нэлээд урсгал татдаг жишигт хүрсэн цогцолбор болгохоор зорьж байна. Өвөр Монголын Чингисийн онгон, өлгий нутаг гэдэг брэндэд нь татагдаж зорчдог жуулчдын урсгалыг наашаа чиглүүлэх, ирээдүй хойчдоо Чингисийн онгон Өвөр Монголд биш Хэнтийд байгааг ойлгуулах, монгол угсааны бусад ард түмнийг татах хэмжээний бүтээн байгуулалт юм. Уг цогцолборын цаашдын менежментийг хэрхэн авч явах нь чухал учраас жил бүр Чингисийн онгоныг тахих ёслол, Чингис судлалын олон улсын хурлууд гэх мэт маш олон арга хэмжээ зохион байгуулах боломжтой.

-Донор байгууллагууд манай аялал жуулчлалын салбарт ямар нөхцөлтэйгээр хөрөнгө оруулах сонирхолтой байна вэ?

-Зургаан нисэх буудлыг олон улсын статустай болгох нь бүс нутгийг хөгжүүлэх эрэлт хэрэгцээ, шаардлагатай уялдаж байгаа. Дорнодын цаана ОХУ-ын Рашаант тосгонд жилдээ ирдэг 4-5 сая жуулчнаас тодорхой хэмжээгээр Монголдоо татахын тулд богино зайн хямд нислэгүүдийг хөгжүүлж, орон нутагт эдийн засгийн өгөөжийг нь татах хэрэгтэй. Ийм боломж Монголыг тойрсон хил орчмын нутгуудад байна. Аялал жуулчлалын хөгжилд дэд бүтэц хамгийн чухал. Ялангуяа, Дэлхийн банкны зүгээс Торгоны замын улсуудыг дэд бүтцээр холбох төслийн хүрээнд манай төслийг дэмжих сонирхлоо эхний байдлаар илэрхийлсэн. ЖАЙКА мөн манайхаас аялал жуулчлалын салбарт ямар хөрөнгө оруулалт татах талаар асууж, сонирхож байгаа. Орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих бүрэн боломжтой салбар учраас хөрөнгө оруулах сонирхол бий. Аялал жуулчлал бол нийгмийн цөөнх үр ашгийг нь хүртдэг бус, нарийн мэргэжил шаарддаггүй, орон нутгийн иргэд өгөөжийг нь шууд хүртэх боломж илүү өргөн бөгөөд ямар нэг ханшийн нөлөөлөлд автдаггүй цэвэр экспортын орлого бүрдүүлдэг салбар. Аялал жуулчлалын экспортын орлого уул уурхайн бус салбаруудын экспортын орлогоос давж эхэллээ. Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын зураглалд аялал жуулчлалыг хамгийн бага өсөлттэйгээр авч үзэхэд 2050 он гэхэд уул уурхайтай дүйцэхүйц экспортын орлоготой салбар болох боломжтой байна.

-Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын ямар бодлого баримталж байгаа вэ. Ийм газрууд нэг талаар аялал жуулчлалын бүтээгдэхүүн боловч тухайлбал, Горхи-Тэрэлж гэхэд даац нь хэтэрсэн, зөвшөөрөл замбараагүй олгодог гэх мэт шүүмжлэл байдаг шүү дээ?

-Аялал жуулчлалын тухай хуульд тусгай хамгаалалттай газар нутагт явагдах аялал жуулчлалын үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ асуудалд манай Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар ямар ч эрх мэдэл, оролцоогүй. Олон улсад тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлал өөр жишгээр, нэгдсэн бодлоготой явдаг. Тиймээс энэ бол бидэнд тулгамдаж буй бас нэг асуудал.

Аялал жуулчлалын тухай хуульд Монгол Улсын аялал жуулчлалын бүх бодлого манай газарт хамаарна гэж буй ч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар бидэнд хаалттай болчихдог тул хэчнээн компани тэнд үйл ажиллагаа явуулж, стандартад нийцсэн эсэх талаар мэдээлэл бидэнд байхгүй. Эдгээр асуудал нэг яамд хамаарч буй боловч хуулиараа тусдаа зохицуулалттай.

-1990-ээд оноос хойш энэ салбар хувийн хэвшлийн нуруун дээр явсаар ирсэн. Одоо төр нэгдсэн бодлоготой болж байгаа нь энэ салбарт төрийн оролцоо нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс хувийн хэвшлээ хэрхэн дэмжих вэ?

-Энэ жил хүний нөөцийг чадавхжуулахад улсын төсвөөс нэг тэрбум төгрөгөөр 15 мянга орчим хүнийг зочлох үйлчилгээний сургалтад хамруулсан. Цаашдаа энэ үйл ажиллагаа улам өргөжинө. Компаниуд өөрсдийн төсвөөр хийж чадахгүй байсан зүйлийг шийдсэн гэж харж байна. Тур операторууд гадаадаас жуулчин авах, гадаад зах зээл дээр сурталчилгаа хийхэд маш их хэмжээний зардал гаргадаг. Тиймээс тур операторуудын гол зах зээлүүд дэх сурталчилгаанд хамтарч ажилладаг. Мөн олон улсын зах зээлд хэрхэн ажиллах, компани өөрөө хэрхэн өсөж дэвжих талаар багц сургалтууд жилийн турш зохион байгуулж ажилладаг.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 400 орчим жуулчны баазын ихэнх нь байгаль, түүх, соёлын нөөц бүхий тусгай хамгаалалттай газар нутагт байрладаг. Хөвсгөл нуурын эрэгт гэхэд 100 орчим гэр буудал, жуулчны бааз үйл ажиллагаа явуулж буйгаас тал хүрэхгүй хувь нь зөвшөөрөлтэй, стандартад нийцсэн. Өнгөрсөн онд БОАЖ-ын сайд тушаал гаргаж, хөрсний болон орчны бохирдлоос сэргийлэх үүднээс тусгай хамгаалалттай газар нутагт үйлчилгээ үзүүлдэг жуулчны баазууд ариун цэврийн нүхэн байгууламжтай байхыг хориглосон. Энэ хүрээнд нэг талаар стандартын дагуу хяналтаа тавьж буй ч нөгөөтэйгүүр дэмжих бодлого байгаагүй. Тиймээс энэ онд БОАЖЯ ногоон зээл бий болгож, энэ эх үүсвэрээр “Хас” болон ХААН банкнаас 100-аас дээш ор хоногийн хүчин чадалтай жуулчны баазуудад олгосон жилийн 18 хүүтэй зээлийн 10 хувийн хүүг нь дааж байгаа. Зээлийн шалгуур нь жуулчны баазууд цахилгаан халаагууртай болох, ариун цэвэр, бохирын байгууламждаа байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлж, эрүүл ахуйн нөхцөлөө сайжруулахад чиглэнэ. Энэ онд банкууд зургаан тэрбум орчим төгрөгийн зээл олгох боломжтой байна.

-Энэ зээлийн эрэлт хэр байна вэ?

-Ногоон зээлийн талаар ярьж эхэлснээс хойш аялал жуулчлалын бүхий л компани сонирхсон. Манай салбарынхан маш олон ажлын байр бий болгодог ч жижиг, дунд үйлдвэрлэл, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн ангилалд хамрагдаггүй. Тэгэхээр хувь хүнээс эсвэл бизнесийн өндөр хүүтэй зээлээр санхүүжихээс өөр боломж байгаагүй. Тиймээс манай салбарын аж ахуйн нэгжүүдэд анх удаа жилийн найман хувийн санхүүжилттэй зээл олдож байгаа нь энэ учраас эрэлт өндөр байна. Бид ч мөн ногоон зээлийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа.

-Аялал жуулчлалын салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт хэр хэмжээнд байдаг вэ?

-Жуулчны бааз, ресорт, тур операторуудын хувьд дотоодын хөрөнгө оруулалт давамгайлж байна. Улсын хэмжээнд байгаа олон улсын сүлжээ долоон зочид буудлын хувьд ч ялгаагүй. Гэхдээ аялал жуулчлалын үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлгүй учраас гаднын хөрөнгө оруулалттай компаниуд ч үйл ажиллагаагаа явуулж болно. Сүүлийн үед нэлээд шүүмжлэлд өртөөд байгаа сэдэв бол энэ. БНСУ-ын компаниуд солонгос жуулчдаа, Өвөр Монгол компаниуд хятадын жуулчдыг аваад байна, дотоодын компаниудын эрх ашгийг хамгаалж, давуу байдал үүсгэх зохицуулалт шаардлагатай гэж үзээд байгаа. Тиймээс аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийг тусгай зөвшөөрөлтэй болгох талаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан.

-Монголбанкны мэдээллээс харахад аялал жуулчлалын салбарын төлбөрийн тэнцэл жилийн жилд л алдагдалтай гардаг. Монголд ирсэн жуулчдын зарцуулалтыг нэмэгдүүлэхэд ямар бодлого барьдаг вэ?

-Монголд ирж буй жуулчин дунджаар ес хоног аялж, аяллын хугацаанд тээврээс бусад зардалд дунджаар 1460 орчим ам.доллар зарцуулдаг. Энэ бол дэлхийн дундаж. Манайх бага зарцуулалттай улс биш. Гэтэл Европын хот улсуудад өдөртөө багтаад бүх сайхан зүйлийг нь үзэж аялчихаад ямар ч зарцуулалт хийдэггүй, улмаар жуулчдын хэт урсгал нэлээд түгээмэл болсон. Харин Монголд ирсэн жуулчин ядаж нэг хонож байна. Нийт жуулчны 56 хувь нь зохион байгуулалттай аяллаар ирдэг учраас жуулчдын зарцуулдаг мөнгө ч бага биш юм. Төв Азид болон Өвөр Монголд зорчиж буй жуулчид ойролцоогоор гурав хоног аялаад 400 орчим ам.доллар зарцуулдагтай харьцуулахад манайх өндөрт ордог. Мэдээж нэг жуулчны аялах хугацааг уртасгах, давтан ирэх жуулчны тоо болон зарцуулалтыг нэмэгдүүлэх нь манай салбарын барих ёстой гурван гол бодлого. Түүхэн аялал жуулчлалын цогцолборууд барьж буй шалтгаан нь эдийн засгийн үр өгөөж үлдээх зорилготой. Энд Тэмүүжин, Жамуха хоёр ингэж анд барилцаж байсан гээд хол тал дээр ярихад эдийн засгийн үр өгөөж үлдэхгүй. Үүний оронд “Андлалын өргөө” бий болгож, анд барилдах зан үйл хийлгэх замаар хураамж авах, фото зургийн үйлчилгээ, үндэсний хувцас болон нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүнийг худалдан авах боломж бүрдүүлэх замаар дотоодын эдийн засаг, ялангуяа орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх юм. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгож байж зарцуулалт нэмэгдүүлэх боломж нээгдэнэ.

-Шашны уламжлал бас аялал жуулчлалын нэг том бүтээгдэхүүн. Энэ тал дээр яам нэлээд ажил хийж эхэлж байх шиг?

-Шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж байна. Манай улс Буддын шашны дэлхийн гол төвийн нэг атлаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож хараахан чадахгүй байна. Уг нь шашны жуулчлалыг бодлоготойгоор хөгжүүлж, бодлоготойгоор тайлбарлах ёстой. Нөгөөтэйгүүр, шашны аялал бол улирлын хамааралгүй явагддаг учраас шашинд суурилсан соёлын бүтээгдэхүүнийг сайжруулах шаардлагатай байгаа юм. Харамсалтай нь, олон жуулчдад хүрсэн “Хүрээ цам” арга хэмжээгээ энэ жил хийсэнгүй. Бид энэ жил “Эрдэнэзуу” хийдийн орчныг нь тохижуулж, задгай театр байгуулахаар ажиллаж байна. Анзаарсан бол жуулчид “Эрдэнэзуу” хийдийг үзэж, үүдэнд нь цайлчихаад Орхоны хөндий рүү шууд явдаг. Тиймээс тэр бүсэд жуулчид аялагчдыг хонох сэдэл төрүүлэх нь чухал учраас задгай театр барьж байгаа. Мөн Хөвсгөл зэрэг гол бүс нутгууддаа соёлын өвийг аялал жуулчлалтай холбосноор соёлыг өв тээгчид, театрууд маань аялал жуулчлалаас орлого олох боломжгой болно. БОАЖЯ аль болох орон нутгийн оролцоог дэмжих замаар аялал жуулчлалыг тогтвортой, байгаль орчинд сөрөг нөлөөгүй хөгжүүлж, нутгийн иргэд өгөөжийг нь хүртэх боломж бүрдүүлэх бодлого баримталж байна.

-Жуулчдын бараг 20 орчим хувь нь зөвхөн долдугаар сард Үндэсний их баяр наадам үзэх гэж ирдэг ч одоо болтол нээлтийн тасалбарын хүртээмжийг шийдэж чадаагүй. Жуулчид сэтгэл дундуур үлддэг байдал хэр удаан үргэлжлэх вэ?

-Монголын гадаадад танигдсан гол нүүр царай болох наадмыг үзэх гэж зөвхөн долдугаар сард ирсэн жуулчдаас Монгол Улсын эдийн засагт 1.4 сая ам.долларын орлого ордог. Жуулчны компаниудын хүсэлт, тасалбарын эрэлтээр ойролцоогоор 15 мянган жуулчин наадмын нээлт үзэх зорилготой байдаг. Гэвч үүний 10 хувьд буюу 1500 суудлын тасалбар өгдөг байсныг энэ жил нэмэгдүүлж 3500 болгосон. Гэсэн хэдий ч цаана нь 10 гаруй мянган жуулчин наадам үзэж чадахгүй үлддэг хэвээрээ л байна. Тиймээс бид энэ жил Үндэсний соёл амралтын хүрээлэнд долдугаар сарын 11-ий орой Naadam Night арга хэмжээ зохион байгуулж наадмын нээлтэд тоглогдсон урлаг соёлын бүх арга хэмжээг англи хэл дээр хөтлөн явуулж, эрийн гурван наадмын тусгай талбайг засаж, жуулчид зурагаа татуулах гээд Монголын соёл урлаг, өв соёлыг бодитоор мэдрүүлдсэн. Энэ арга хэмжээг тогтмолжуулснаар жуулчид наадмын нээлтэд хошуурах шаардлагагүй болох болов уу.

-Аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулахад ямар ажлууд хийж байна вэ?

-Улсын хэмжээнд зохион байгуулдаг аялал жуулчлалын 80 орчим арга хэмжээний 30-ыг нь олон улсын цар хүрээтэй болгохоор манай яам дэмжин хамтарч ажилладаг. Бид Монголд ирсэн жуулчдын үзэж харах зүйлийг олшруулах, соёлын биет бус өвүүдээ сурталчилж, нэг жуулчны зарцуулалтыг нэмэх зорилготой байгаа. Тиймээс ч эдгээр арга хэмжээг 3-4, 9-11 сард буюу аялал жуулчлалын бус улиралд зохион байгуулдаг. Тухайлбал, “Орхоны хөндийн 99 баатар”, “Орхоны хөндийн адуучдын баяр”-ыг үзэхээр ирсэн БНСУ-ын жуулчид тэр орчмын жуулчны баазад 10 хонох зэргээр үр ашиг нэмэгдэж байна. Мөн Дундговь аймагт маш амжилттай зохион байгуулсан 3000 уртын дуучны тоглолт, Говьсүмбэр аймгийн Боржигон наадмуудын цар хүрээг нэмэх бүрэн боломж бий. Гуравдугаар сард Хөвсгөлд зохион байгуулдаг “Мөсний баяр”-т гэхэд дотоод, гадаадын 30 орчим мянган хүн оролцож, орон нутагт 2-3 тэрбум төгрөгийн орлого оруулдаг болсон.

Баян-Өлгийд аравдугаар сард болдог “Бүргэдийн баяр”-т зочдын 90 гаруй хувийг гаднын жуулчид бүрдүүлдэг. Энэ мэт бодит үр дүнгүүд байгаа учраас эдгээр арга хэмжээгээ олон улсын түвшинд улам сайжруулахаар ажиллаж байна.

-Жуулчдыг дахин ирэх сэдлийг төрүүлдэг нэг зүйл бол үйлчилгээний чанар. Үүнд хэр зэрэг анхаарч байна вэ?

-Өмнө нь гэр буудал, амралтын газар, жуулчны баазад нэг л ерөнхий стандарт мөрддөг байсан. Одоо эдгээрийг салгаж, тухайн үйлчилгээний газрын онцлогт тохирсон стандарт боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Өмнө хэлсэнчлэн боловсон хүчнийг чадавхжуулж, хүний нөөцийн мэдээллийн сан мөн бүрдүүлж байгаа. Бас нэг хэлэх зүйл бол аялалжуулчлалболдэлхийтэй хөл нийлүүлэх зайлшгүй шаардлагатай салбар. Хэрэглэгчдийн зан төлөв, эрэлт хэрэгцээний өөрчлөлтөд дасан зохицох хэрэгтэй тул олон улсын аялал жуулчлалын эдийн засгийн тооцоололд хэрэглэдэг гол аргачлал буюу tourism satellite account-ыг нэвтрүүлж байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран нэвтрүүлж буй энэ ажил олон жил яригдсан ч одоо л ажил хэрэг болж байна. Аялал жуулчлалын дагуул дансны энэ аргаар тухайн бүс нутагт хэдий хэмжээний орлого олж, ямар жуулчин хаашаа явж байна гэх зэргээр жуулчны болоод мөнгөний урсгалыг тооцох боломжтой болно. Тэгэхгүй бол бид одоогоор Монголд орсон, гарсан жуулчны тоо, зарцуулалтаас бусдыг нь тооцож чадахгүй байна.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа