Боловсрол
Л.Цэдэвсүрэн: 4439 оюутанд 3.1 тэрбум төгрөгийн сургалтын төлбөр олгосон
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы баасан гарагийн (2021.01.08) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар”-х Шадар сайд Я.Содбаатарын мэдээллийг сонслоо.
Мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн төлөөлөл буюу Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэлсэн.
Засгийн газар боловсролын салбарт баримтлахаар баталсан бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхгүй, асуудлын мөн чанар хангалттай анхаарахгүй байгаа нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийг төдий хугацаагаар хойш татаж байгааг анхааруулж, боловсролын салбарын өнөөдрийн байгаа байдалд хийсэн дүгнэлтээ танилцуулав.
Үндэсний боловсролын бодлого нь улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа байх ёстой атал 2012-2016 онд боловсролын салбарт хийсэн реформыг зогсоож, ухралт хийснээр өнөөдөр хүний хөгжлийн олон улсын индексээр 2015 онд 92-рт байсан зэрэглэл 7 байраар ухарч 2019 оны үзүүлэлтээр 99-рт эрэмбэлэгдсэнээс харж болох бөгөөд Монголын залуу үеийнхний дэлхийн залуустай өрсөлдөх чадвар төдий хэмжээнд буурсан гэв. Иймд боловсролын салбарын бодлогоо эргэн харж, бүх шатны боловсролын байгууллагад суралцагчдад учирч буй “сургалтын саатал”-ыг залруулах төлөвлөгөө боловсруулан ажиллахыг шаардлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Шадар сайд мэдээлэл хийж, цөөнхийн төлөөлөл үг хэлсний дараа цөөнхийн төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Ш.Адьшаа, Т.Доржханд нар Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, үг хэлсэн.
7000 ГАРУЙ ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ ХҮЛЭЭЛГЭД БАЙНА
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны талаар тодруулсан гишүүний асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хариулт өглөө. Тус сангаас зорилтот бүлгийн оюутнуудад сургалтын төлбөр олгох, мөн гадаадад суралцах монгол оюутнууд, дотоодын оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ хичээлийн жилд 3.2 тэрбум төгрөгийн төсөв тусгагдсан. 4439 оюутанд 3.1 тэрбум төгрөгийн сургалтын төлбөр олгосон гэв. Сургалтын төлбөрийн зээл олгох зорилгоор 10 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд одоогоор 4000 гаруй оюутанд зээл олгосон. Үүний цаана 7000 гаруй оюутны зээлийн хүсэлт хүлээлгэд байгаа талаар Л.Цэдэвсүрэн сайд мэдээллээ.
Боловсролын зээлийн санд зээлийн хүсэлт хүргүүлсэн, 2.8-аас дээш голч дүнтэй 4986 оюутны зээлийг олгох асуудлыг Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна.
Эдгээрээс төгсөх курсийн оюутнуудын зээлийн хүсэлтийг судалж, шийдэх зорилготой ажиллаж байгаа гэлээ. Энэ оны улсын төсөвт сургалтын төлбөрийн зээл олгохоор 24.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Иймд нэн тэргүүнд тус санд зээлийн хүсэлт хүргүүлсэн, 2.8-аас дээш голч дүнтэй 4986 оюутны зээлийг олгох асуудлыг Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байгаа гэлээ. Үүний зэрэгцээ сувилагч мэргэжлээр суралцах оюутнуудад зориулсан 5.9 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд нөхцөл байдалд судалгаа хийсний үндсэн дээр энэ жил 3600 оюутны сургалтын төлбөрийг төлөхөөр зөвлөлдөж байгаа аж. Эдгээрийн цаана 5.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт байгааг хариултынхаа үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд дурдаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр судалж байгаа гэлээ.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ 2014 ОНООС ХОЙШ ШИНЭЧЛЭЭГҮЙ, 2019 ОНД ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛСАН
Теле хичээлийн чанар, хүртээмжийн талаар Б.Пүрэвдорж гишүүн тодруулж, салбарын сайд нь хариулт өгсөн. Теле хичээлийг цахимд нээлттэй байршуулсан, төгсөх ангийн сурагчдад зориулж 602 багш сайн дурын үндсэн дээр цахим хичээл орж байгаа гэв. Сурагчдад бататгах хичээлийг энэ долоо хоногоос цахимд байршуулж, телевизүүдээр гаргаж эхлээд байгаа гэлээ. Энэхүү цахим сургалтад нэг удаадаа 300 хүртэл сурагч холбогдон, багштайгаа харилцах боломжтой юм байна.
Сурах бичгийн агуулга, чанар, хүртээмж, хэвлэлтийн талаар С.Одонтуяа гишүүн тодруулсан. Олон улсын жишгээр сургалтын хөтөлбөр хамгийн багадаа 10 жилд тогтвортой байх шаардлагатай гэж үздэг. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг 2014 оноос хойш шинэчлээгүй бөгөөд 2019 хөтөлбөрийг сайжруулах арга хэмжээ авсан. Засгийн газрын зүгээс сургалтын хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангахад онцгой анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэллээ. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулиудад 137 төрлийн сурах бичиг хэрэглэж байгаа аж.
Сувилагч мэргэжлээр суралцах оюутнуудад зориулсан 5.9 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд нөхцөл байдалд судалгаа хийсний үндсэн дээр энэ жил 3600 оюутны сургалтын төлбөрийг төлөхөөр зөвлөлдөж байна.
Цар тахлын нөхцөлд хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн талаар салбарын яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар лавласан. Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгт Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр нь өгөх ёстой хувьсах зардлыг олгож байгаа юм байна. Үүний зэрэгцээ цар тахлын нөхцөлд аж ахуйн нэгжүүдэд зориулан авч хэрэгжүүлж буй цахилгаан, дулааны хөнгөлөлт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулиудын үйлчлэлд хамрагдаж байгаа учир төр, засгийн зүгээс боломжит хэлбэрээрээ дэмжлэг, хөнгөлөлт үзүүлж байгаа гэв.
Цар тахал хэзээ дуусахыг тооцох, тааварлах аргагүй гэдгийг Т.Доржханд гишүүн онцлоод, цаашдаа бүх шатны боловсролын байгууллага танхимын болон цахим сургалтыг зэрэгцүүлэн явуулах арга барилд шилжих шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн. Теле хичээлийн чанар Шадар сайдын мэдээлэлд дурдсан шиг чанар, хүртээмжтэй байна гэж ойлгоод, тайвшрах нь өрөөсгөл гэдэг шүүмжлэлийг хэлж байлаа. Боловсролын асуудлыг зөвхөн нийслэл, төвлөрсөн газруудын хэмжээнд харж, тодорхойлж болохгүй гэдгийг Н.Ганибал гишүүн хэлж, холбогдох саналыг хэлсэн. Нийслэлд цар тахлын эрсдэл өндөр байгаа хэдий ч орон нутаг, сумдад сургууль, цэцэрлэгийн сургалтыг танхимаар явуулах боломж бий гэдэг саналыг хэлж, салбарын яам, Улсын онцгой комисс болон холбогдох талууд анхаарч, арга хэмжээ авах нь зүйтэй гэлээ.
Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Цар тахлын нөхцөлд Боловсролын сангаас олгох сургалтын зээлийг хүсэлт гаргасан оюутан бүрд ялгаварлалгүй, хүртээмжтэйгээр олгох зарчмыг баримтлаарай. Мөн боловсролын багц хуулийн төслүүдийг lawmaker.parliament.mn болон lawforum.parliament.mn сайтад байршуулж, боловсруулах шатандаа иргэд, олон нийтийн саналуудыг авч, тусгахад анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээн чиглэл өгсөн юм. Түүнчлэн олон улсын боловсролын чиг хандлагыг дотооддоо нэвтрүүлэх, дэвшилтэт арга хэлбэрүүдийг бүх шатны сургалтын хөтөлбөртөө хэрэгжүүлэх чиглэлд санаачилгатай, бүтээлчээр ажиллах шаардлагатайг сануулсан.
Ийнхүү “Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар”-х мэдээллийг сонссоноор Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.