Нийгэм
З.Баянсэлэнгэ, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт яллах дүгнэлт үйлджээ
Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр /2021.01.13/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат 2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шүүхээр шийдвэрлэсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан талаар мэдээлэв.
Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 4 дүгээр улиралд нийт 66 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв. Үүний 20 буюу 33.3 хувь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлига, албан тушаалын гэмт хэрэг байна. Тухайлбал:
- Х.Бээжинд холбогдох “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, худал мэдээлэл тараах үйлдэлтэй….” эрүүгийн хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Улсын Дээд шүүхээс Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоож ирүүлээд байна.
- З.Баянсэлэнгэ нарт холбогдох “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…” хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ба Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна.
- Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан, сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах…” хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1, 821.1 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ны яллах дүгнэлт үйлдсэн ба Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна.