Улс төр
Ц.Оюунгэрэл: АН дотоод асуудлаа хурдан шийдэж, СОНГУУЛЬДАА анхаарах шаардлагатай
Улс төрийн хоёр дахь хүчин болох Ардчилсан нам хоёр хуваагдаж, эв түнжингүй байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн байр суурийг сонирхлоо.
-Ардчилсан нам эв түнжингүй, дотооддоо хагаралтай байна. Үүнд та тус намын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Би ч АН-ынхаа дотоод асуудлын талаар өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлсэн. Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа нийтлэл бичсэн л дээ. Тэрхүү нийтлэлдээ байр сууриа тодорхой илэрхийлсэн гэж бодож байна. Монгол Улсад ямар ч улс төрийн нам, эвсэл үйл ажиллагаа явуулахад тодорхой хуультай байдаг. Тухайлбал, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хууль ёсны тамга тэмдэгтэй байдаг. Хэдийгээр эвлэлдэн нэгдэх, чөлөөтэй цугларах эрхтэй ч гэсэн бидний гаргасан шийдвэр дээр УБЕГ-т бүртгэгдсэн тамга дарагдаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн бүртгэлээр эцэслэгдэж гардаг. Тиймээс хууль, шүүхээрээ ямар ч нам дотоод асуудлаа шийдэх ёстой. Энэ ч утгаараа манай намыг олон нийт, улс эх орон нь хүлээн зөвшөөрөх үү, шүүх хууль нь бүртгэх үү гэдэг нүдээр л харах хэрэгтэй. Энэ нүдээр харах юм бол өнөөдөр АН-д хувь хүний маргаан өрнөх шаардлагагүй.
Ц.Тувааны зөв, С.Эрдэнийн буруу гэхээсээ илүү шүүх дээр манай намыг яаж бүртгэв, Улсын Дээд шүүх дээр байгаа намууд ямар дүрэмтэй байдаг юм. Тэр хууль, дүрмээр нь явахад аль тамгыг нь шүүх хүлээж авах юм гэдэг нь чухал юм. Тиймээс УБЕГ-аас хүлээн зөвшөөрсөн тамга, Улсын Дээд шүүхээс хүлээн зөвшөөрсөн дүрэм, Улсын Дээд шүүхэд яваад очиход бүртгэж авах сонгуулийн үр дүн гэсэн гурван хүчин зүйлийг л бид хараандаа авч байх ёстой юм. Гэтэл энэ гурван бодит хүчин зүйлээсээ анхаарал маань сарниж, янз бүрийн яриа яваад ирэхээр л манай зөрчил шийдэгдэхгүй юм шиг харагдах гээд байна л даа. УИХ-ын гишүүн Ц.Туваан бол төрд шийдвэр гаргаж байгаа хүн. Төрийн хууль, дүрэм нь ийм байна шүү гэдгийг хүлээн зөвшөөрөөд үйл ажиллагаагаа татах хэрэгтэй. Гэтэл түүнийг үл тоомсорлож, янз бүрийн хурал зарлаад байна. Энэ нь байдлыг улам төвөгтэй болгоод байгаа юм.
-Танай намын залуу гишүүд, дэмжигчид уриалга гаргасан байна билээ. Энэ байдлаараа ямар ч үр дүнд хүрэхгүй, нэгдэж нийлэх хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлсэн байсан шүү дээ?
-Одоо бол ойлгомжтой зүйл л харагдаж байна. Ерөөсөө л дотоод сонгууль. Үүнд залуус нэгдээд ахмадаа дэмжинэ үү, ахмад нь залуусаа дэмжинэ үү чөлөөтэй. Хамгийн гол нь бидний хүлээн зөвшөөрөгдөх арга бол дотоод сонгууль юм. Тэр дотоод сунгаагаа явуулж байж л бид бүх газарт хүлээн зөвшөөрөгдөнө л дөө. Өөрсдийнхөө дотоодод ч хүлээн зөвшөөрөгдөнө. Бусад нам, эвсэлд ч хүлээн зөвшөөрөгдөнө. Ард түмэн ч хүлээн зөвшөөрөх юм. Хамгийн гол нь тэр хууль шүү дээ. Биднийг бүртгэж авдаг тэр Улсын Дээд шүүхэд хүлээн зөвшөөрөгдөнө. Тэгэхээр бид бүх зүйлийг цаасан дээр бичсэн дүрмийнхээ дагуу сунгаагаа хийгээд л учраа олох ёстой юм. Асуудлыг нэг тийш нь гарах ёстой. Энэ асуудлыг нэг тийш нь гаргахад залуус нэгдэж нэгийгээ дэмжинэ үү, олон хүнийг дэмжинэ үү гэдэг өөрсдийнх нь л цэвэр үзэл бодлын асуудал юм.
-АН-ын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн сард хуралдсан. Энэ хурлаараа 394 гишүүнийхээ 175-ынх нь бүрэн эрхийг дуусгавар болгож байгаагаа мэдэгдсэн. Та энэ намын татварыг хэр дэмжиж байсан юм бэ?
-Манай намд байгаа татвар, дэнчин гэдэг бол өөр ойлголт. Татвар бол намын санхүүжилтийг байнга хангаж байдаг тогтвортой элемент шүү дээ. Татварыг байх ёстой гэдэг дээр бол санал нэгтэй байдаг. Харин татварын хэмжээ дээр маргаж байсан тохиолдол бол бий. Ялангуяа дэнчингийн хэмжээнд дээр илүү их маргаан өрнүүлж байсан. Өнөөдрийн нөхцөлд Үндэсний бодлогын хорооны бүрэн эрхийг үргэлжүүлье гэвэл татвараар л баталгаажна. Энэ уламжлал бол 20 жил явж байгаа уламжлал, байх л ёстой. Үндэсний бодлогын хорооны гишүүд татвараа төлөхгүй байж байгаад хасагдаж байгаа бол манай намд байдаг санхүүжилтийг соёлын асуудал.
-Ирэх зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнд Ардчилсан нам хэр бэлэн, бэлтгэлтэй байна вэ?
-Манай намын дотоод асуудал сунжирч байгаа болохоор бэлтгэх хугацаа маань улам л багасаж байна. Тиймээс дотоод асуудлаа аль болох хурдан шийдэж, сонгуульдаа анхаарах шаардлагатай. Манай намын гишүүд асуудлыг хэт нэг хүний тухай яриа, тэрийг хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэдэг ярианаасаа түр холдоод хууль, хяналтын байгууллагаараа хүлээн зөвшөөрөгдөх тал руугаа хурдан яваасай л гэж хүсэж байна даа.