Бидэнтэй нэгд

Нийгэм

Хэцүү бүхний өмнө өвдөг сөгдөөгүй Монгол элч

Нийтэлсэн

Эх оронч, төр нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын мэндэлсэн өдөр энэ сарын 10-нд тохиож байна. “Амьдралын тойрог”  булан Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан хэмээх оюуны их өргөөнөөс ажлын гараагаа эхлүүлж, улс төрийн  нүргээнт он жилүүдэд  УИХ-ын гишүүн О.Дашбалбар агсны орон нутаг дахь бие төлөөлөгч, туслахаар ажиллаж байсан Ж.Ариунжаргалыг зочноор урьсан юм. “Манай гишүүн гаднаас нь харахад ширүүн дориун   мэт  харагдах  ч  дотроо уян зөөлөн дулаан их энгийн Бусдыг хүндлэн хайрлах, өрөвдөж энэрэх  нинжин  сэтгэл дүүрэн хүн байлаа. Гитараа бариад дуулахад нь, Баруун-Уртын гол дээрээ ирээд нутаг усаа магтаж шүлэглэхэд нь  хэн ч   уярахгүй, хөглөгдөхгүй байхын аргагүй. Гэр бүл, хань, үр хүүхдүүддээ хайрласан хайр хандлага нь  үнэхээр гайхалтай.  Хүний хань ямар байдаг, хайр гэгч ямар агуу болох, сэтгэл гээч ямар үнэнч болохыг хамт ажиллаж байсан залуус бид харж биширч байлаа.  Түүнээс суралцсан зүйл  маш их.  Би одоо ч түүний тухай ярих бүртээ хөглөгдөж, эх нутгаа хайрлах эх оронч  үзэл улам бадардаг. Хүүхэд байхдаа шүлэг найргийг нь уншиж, цээжилж явсан ч хожим тэр хүний туслахаар нь ажиллах юм гэж зүүдэлж байсангүй. Гэнэт нэг өдөр ажлаа хийж суутал  “УИХ-ын гишүүн  дуудуулж байна”  гэхэд  нь хүүхэд байсан болохоор зөрүүдэлсэн үү, айж сүрдсэн үү  тухайн үедээ очоогүй. 2-3 удаа дуудуулж, ахмадуудаас “Улсын Их хурлын гишүүн орон нутагт ажиллаж байгаа үед төрийн байгууллагууд  саад болох ёсгүй, ажлыг нь  тасралтгүй явуулах нөхцөл бололцоогоор хангах  үүрэгтэй” гэсэн зэмлэл сонсоод очиж уулзаж байлаа. Ингээд  орон нутаг дахь бие төлөөлөгч, туслахаар  ажиллах  тухай санал тавихад нь тэр хүнийг хүндэлдэг учраас шууд  зөвшөөрсөн. Энэ бол миний  хувьд нэр төрийн хэрэг, бахархал гэж боддог” хэмээн даруухан өгүүлэх нийтлэлийн зочин маань өөрөө бас энэрэнгүй сэтгэлтэй,  бусдын төлөө төрсөн гэмээр нэгэн. БНСУ-д суралцахын зэрэгцээ, ажил хайж очсон олон хүнд зуучлан тусласан буянтан. хүнд өвчинд шаналсан нутаг нэгтнүүддээ хандивын  аян өрнүүлж эмчилгээний зардал босгож өгч халуун гараа сунгасан   сайн үйлсийн эзэн. Хүн төрөлхтөний  эрүүл мэндийн төлөө  уриатай “ЖЭММА КОРЕА” брэндийг монголд нутагшуулж, олон хүнийг  ажлын байртай болгон эдийн засгийн эрх чөлөөнд хүргэж яваа “Монгол элч” гээд тэрээр арвин түүхтэй. Яривал  бусдад үлгэр жишээ болох баялаг намтартай бүсгүй ажээ.

Охины хамт

НОМОН ДОТОР ӨСЧ, НОМТОЙ НӨХӨРЛӨЖ, НОМОО ШҮТНЭ

1990-ээд он  улс төр, нийгмийн эгзэгтэй цаг үе байв. Энэ үед Дорнын билэг танхай яруу найрагч, цогт эх оронч Очирбатын Дашбалбар сүхбаатарчуудаа төлөөлөн УИХ-д сонгогдсон юм. Сүхбаатарчуудын онцлог нь ном шүтдэг, зохиолч уран бүтээлчдээ   хүндэлдэг, хоёр хүн  тааралдахад шүлэг шиг мөр, толгой холбон үг хэлэлцдэг яруу найраглаг сэтгэлгээтэй, үеийн үед  эх орны зүүн хилийн харуул байж ирсэн  эх оронч үзэл цусанд нь буцалж байдаг  ард түмэн. Иймээс эрхэм гишүүний орон нутаг дахь бие төлөөлөгч, туслах нь уран зохиол, яруу найргийн  нарийн мэдрэмжтэй, сонгогч олон нийтийн санаа бодлыг зангидаж, гүүр болж байх нийтэч хийгээд шударга, эх нутаг, хүмүүсийн төлөө гэсэн үзэл бодлоор эгээ л өөр шиг нь нэгэн хэрэгтэй байв. Энэ шалгуурт торж,  ажил үйлсээрээ агуу О.Дашбалбарт  тоогдох нэгэн бас цөөхөн. Эцэст нь аймгийн нийтийн номын сангийн эрхлэгч, өөрийн гэсэн үзэл бодолтой,  хэлэх үгээ хэнд ч хэлчихдэг шударга, тасхийсэн яриа хөөрөөтэй товхийсэн нэгэн бүсгүй сонгогдсон нь манай нийтлэлийн гол баатар юм.

Ж.Ариунжаргал Сүхбаатар аймгийн төв  Баруун-Уртад төрж,  эмээ, өвөө дээрээ өссөн тэдний амины хүүхэд. Эмээ, өвөөгөө ээж аав гэж дуудаж өсчээ. Түүний өвөө  Дагвын Жавзмаа гэж   Дарьгангын зургаан сумын нэг болох Онгон сумын уугуул байв. Харин эмээ  нь  Дарьгангын нэрт дархан Дүйнхэрийн охин

Д.Алтанцэцэг гэхээр нутгийнхан  андахгүй бөгөөд  Наран сумын хүн байв. Тиймээс  “Би аавын талаа дагавал Онгон сумын, ээжийн талыг баривал Нарангийнх, төрсөн нутгаар бол Баруун-Уртынх, ажиллаж амьдарч байгаа газраар бол Улаанбаатарын иргэн” хэмээн тэрээр ярих дуртай. Хүүхэд байхдаа багш болохыг мөрөөдөж 1986 онд наймдугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд  явах гэтэл хуваарь ирсэнгүй. Харин Соёлын сургуулийн номын  санчийн ангийн хуваарь    иржээ. Тухайн үед “Очоод ангиа солино” гэсэн бодол төрж  Улаанбаатарт хөл тавив. Багадаа номон дунд өсч, өвөө нь түүнийг ном их уншуулж бичүүлдэг байсан болохоор  номын санч болох  гоё ч юм шиг санагдах болов. Аав нь аймгийнхаа  номын сангийн анхны  эрхлэгч  байсан нь ч бодогдох. Ингээд сэтгэл шулуудсанаар   Соёл, гэгээрлийн дунд сургуулийг 1989 онд номын санч мэргэжлээр төгсч,  аймагтаа хуваарилагдаж, нийтийн номын сангийн  гэрээр ном олгох тасгаас ажлын гараагаа эхлүүлжээ.  1994 онд СУИС-ийн Номын сан судлал, ном зүйчийн ангид  орж 1996 оны хавар  төгсч аймгийнхаа Нийтийн номын сангийн даргаар томилогдоод  байхад нь УИХ-ын гишүүн О.Дашбалбар түүнийг  дуудуулж, орон нутаг дахь бие төлөөлөгч, туслахаараа ажиллах санал тавин томилсон байна.

Номын сан бол  Ж.Ариунжаргалын амьдралын ертөнц, байнга уншдаг судар, шүтдэг шүтээн нь.  Одоо ч тэрээр энэ л ертөнцдөө хайртай байж, ном бүтээж туурвидаг зохиолч, найрагчидтай төрөлд садан мэт ойрхон  явдаг нэгэн. Бас “Ном л  намайг агуу О.Дашбалбартай  уулзуулсан юм”  хэмээн дурсана.  Тэрээр  аймгийнхаа  номын сангийн даргаар томилогдон ажиллахдаа ажлынхаа анхны гарааг  Үндэсний төв номын сангийн  хосгүй үнэт, ховор номын сангийн үзэсгэлэнг урин залж  аймагтаа болон Эрдэнэцагаан, Дарьганга суманд зохион байгуулж  сүхбаатарчуудаа Монгол Улсын үнэт, ховор номуудтай танилцуулсан гавьяатан. Дорнын яруу найргийн оргил “Шадар гурван цэрэг” хэмээн Монголын их утга зохиолын түүхэнд мөрөө үлдээсэн О.Дашбалбар, Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо нартай ойрж байж, Соёлын сангийн  “Сувдан сондор” экспедицийн анхны аялал  Сүхбаатар аймгаас эхлэж байхад С. Эрдэнэ баавай, академич Д.Цэрэнсодном, архитекторч Д.Наваан нарын   Монголын нэртэй зохиолч, эрдэмтдийн   үг сургаалийг сонсох алтан боломж олдож,  Онгоны Шар бүрдэд зохиогдсон эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, Алтан-Овооны  бэл, Гангын нуурынхаа  хөвөөнд агуу Д.Нямсүрэнгийн яаж шүлгээ уншиж, агсамнаж, аяглахыг дэргэдээс харж, аядуу зөөлөн, дөлгөөхөн Г.Мэнд-Ооёо шүлгээ хэрхэн дуудахыг сонсч, бадрангуй цоглог О.Дашбалбар шүлэг найргаа хэрхэн гал цогтой уншихыг харж нэгэн цагт  хамтдаа  явсан нь  өөрөө бас гэгээн тунгалаг түүх, түүний хэлснээр бас ер бусын гэгээн   хувь тавилан  юм.

 

“Монгол элч-сайн үйлстэн”, БНСУ-ын “ЖЭММА КОРЕА” компанийн Топ лидер Ж.Ариунжаргал эх орондоо түр ирэх үеэр.

 

УЛС ТӨРТЭЙ ТАНИЛЦСАН НЬ

“Улс төр буцалж,  олны хэл ам чиглэсэн амаргүй  цаг үед  О.Дашбалбарын туслах байна гэдэг хэцүү байв уу” гэсэн асуултад тэрээр “Ээ, Алтан-Овоо минь, хэцүү байлгүй яахав. Тэр үед би  хүүхэд байсныг хэлэх үү, улс төр гэж ямар бохир бас муухай  болохтой нүүр тулж  бас  хат суусан. Түүнээс хойш улс төр гэгч зүйлээс ангид байх юмсан гэж бодох болсон. Одоо ч тэр тухай ярихаас халширдаг ” хэмээсэн. Тухайн үед юу болсныг сийрүүлбэл 1998 оны хаврын чуулган завсарлаад УИХ-ын гишүүн О.Дашбалбар тойрогтоо ажиллахаар иржээ.  Сүхбаатар аймгийн төвд хүүхдийн нэрт зохиолч Н.Доржцэрэн багшийнд нутгийн зохиолч, сэтгүүлчид,  шүлэг найргаар “өвчилсөн” залуус цуглан хотоос ирсэн О.Дашбалбар гишүүнээс хол, ойрын сонин сонсч хүлээн авалт маягийн  юм болов. Хол  замд ядарч ирсэн гишүүн дүүгийндээ амрахаар  явахад  залуус шинэ бичсэн шүлгээ ээлжлэн дуудсаар цаг нэлээн орой болох үест “Цагийн хүрд” нэвтрүүлгээр эрхэм  гишүүнийг  “Сэрүүлэг” сонины сэтгүүлч эмэгтэйд эвгүй авир гаргаж, шилэн стакан хагарах үест   гараа зүсээд зугтаасан тул эрэн хайж байна.  Улаанбаатарт яаралтай онгоцоор ирж телевизээр гараа харуулж” гэсэн мэдээ  мэдэгдэл цацагджээ. Гайхсан залуус “Гар нь  зүв зүгээр байсан шүү дээ”, “Дүүгийнх рүү нь залгах уу, сэрээж хэлэх ёстой байх”   гэхэд Н.Доржцэрэн багш “Миний шавь тийм зүйл хийх хүн биш. Улс төрийн худал  гүтгэлэг гээч зүйл бололтой. Гар нь зүв зүгээр байсныг бүгдээрээ харсан шүү дээ. Тайван амарч хоноод өглөө ярьж учрыг лавлая” гэснээр бүгд тарцгаажээ.

Маргааш өглөө нь хүмүүс ажил цуглах үед  хүрэн савхин дээлийн хормой хийсгэж, урт үсээ намируулсан найрагч  аймгийн төв дэх Сүхбаатар хөшөөт талбай дээр зогсоод “Та бүхэн өчигдөр үдэш Цагийн хүрд мэдээг харсан байх. Миний  гарыг хараарай. Намайг сонгосон Сүхбаатарчууддаа би гараа  харуулж байна. Заавал Улаанбаатарт очиж телевизээр харуулахаар болдог юм уу, сүхбаатарчууд ч гэсэн ард түмэн. Би ард түмэндээ   гараа харуулж байна” гээд зогсч байсныг сэтгүүлч миний бие нүдээр үзсэн бас нэгэн  гэрч билээ. Ж.Ариунжаргал  энэ л үеэс улс төр бохир болохыг мэдэрч, тэр их гүтгэлэг, доромжлолыг тэсч туулж гарах бас нэгэн шалгуур өмнө нь тулгарчээ.Тухайн үед гишүүнтэйгээ,   төрсөн дүү Пунцагаатай  нь  хамт   аймгийн цагдаад очиж  тайлбар өгч гарыг нь баримт болгож харуулаад хөдөө сумдаар  хийх дараагийн уулзалт руу нь үдэж өгөөд гараа л сайн хайрлаж хямгадаж байхыг хамт яваа УИХ -ын туслах А-д болон жолоочид нь О.Дашбалбар гишүүний ах дүү нар  нь захиад явуулжээ. Харамсалтай нь хамгийн сүүлд  Эрдэнэцагаан суманд уулзалт хийгээд   аймгийн төв рүү буцах замд нь түүний УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байсан А гэдэг хүн  архи уучихаад гэнэт  гишүүн рүүгээ ноцож, гарыг нь зүсээд  ирсэн явдал түүнийг болон ах дүү нарыг нь үнэхээр их цочролд  оруулж байжээ. Хотод очсон хойноо тойргийн сонгогчиддоо    гараа үзүүлээд  уулзалт хийж явахад нь яруу найрагч  С.Амартайвангийн хийсэн  бичлэгүүд баримт болж үүсээд байсан гүтгэлэгт цэг тавьсан гэдэг. Энэ бүхний ард гарсны дараа  О.Дашбалбар агсан үнэн ямагт  ялж шударга ёс мандана, сайн цаг ирнэ хэмээн   “42 нас” шүлгээ бичээд удалгүй тэнгэрийн орныг зорьсон билээ. Түүний Монголын парламентын түүхэнд шударга үнэний дуу хоолой болж тодрон гялалзсан  1996-2000 оны үе бол  хэлэлцэх асуудлыг дийлэнх олонхийн саналаар шийддэг хуультай. МАН, АН-ынхан маргаж байхад   МУНН-ын дарга О.Дашбалбар аль талд санал өгнө түүгээр тухайн асуудал батлагдах, эсэх нь шийдэгддэг. Түүний дүнд жинхэнэ эх оронч шийдвэрүүд  гарч байсан нь түүнийг сонгосон сүхбаатарчууд хэр эх оронч вэ гэдгийн илрэл байв. Тиймээс хоёр том намын аль аль нь тэрхүү ганц суудлыг “манай намд байсан болоосой” гэж хардаг байсан биз. Чухам энэ л түүнийг улс төрөөс холдуулах гэсэн нам дамжсан бүлэглэлүүдийн элдэв увиагүй оролдлогын гол гогцоо байсан болов уу. О.Дашбалбар агсан тэнгэрт одоогүй бол өнөөдөр ямар агуу том үйлс бүтээсэн байхыг хэн ч таашгүй. Түүнд нь Ж.Ариунжаргал  гар бие оролцож   хамтдаа түүх бүтээх байсныг  хэн ч үгүйсгэхгүй. Гэсэн ч тэрээр өнөөдрийг хүртэл тэрхүү агуу эх орончийн зан чанарыг  өөртөө шингээж,  алдар  нэрийг нь өргөж, үнэнч шударга,  зөв явахын үлгэр жишээ болж яваа нь бахархалтай. Жил бүрийн  хоёрдугаар  сарын 10- нд О. Дашбалбар гишүүнийг дурсан санаж түүний зохиол бүтээл үйл хэргийг сурталчлах ажил зохион байгуулахыг тэрээр хичээдэг юм. Солонгос улсын Пусан хотод О. Дашбалбар агсны төрсөн өдөрт зориулж өдөрлөг зохион байгуулж түүний зохиол бүтээлийнх нь тухай танилцуулж Монголоос хүү Д. Гангабаатар нь , Японоос охин Д.Дэжидмаа нар нь онлайнаар уншигч түмэнд мэндчилгээ дэвшүүлж найраг дуугаар нь хөглөгдөж төрсөн өдрийнх нь бялууг бяцхан монгол хүүхдүүддээ хувааж өгөөд зогсож байсан тэр дурсамжтай мөч сэтгэлд тод үлдэж дээ. Хүүхдүүдийн баярлаж байгаа царайг харах сайхан юм билээ хэмээн тэрээр дурсаж сууна.

Ж.Ариунжаргал аймгийнхаа Нийтийн номын сангийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1998 оноос   хотод шилжин ирж СУИС, Соёл Эрдэм дээд сургуульд  номын сангийн эрхлэгч,  2011-2016 онд “Интерном” ХХК-д хүний нөөцийн албанд ажиллаж байгаад БНСУ-ыг зорьжээ. Өдгөө тэрээр тус улсын Сүншил их сургуульд телевизийн сэтгүүлзүй, PR-ын чиглэлээр мастерт суралцаж байгаад эх орондоо түр ирээд байгаа юм. Үүнийгээ тэрээр би мундаг зохиолчдын дэргэд миний бичнэ гэж юу байхав дээ, мөр холбодог  гэж хэлэхгүй ч өөртөө бол  бичсээр ирсэн. Сэтгүүлч болох далд хүсэл мөрөөдөл  маань сэтгүүлзүйн салбар  руу ойртуулсан байх. Тэр дотроо орчин үеийн  телевизийн салбар ямар байдаг вэ, БНСУ –аас суралцаад үзье хэмээн ярилцлаганд ортол тэнцсэн явдал нь түүнийг суралцах улам хүсэл зоригийг бадраажээ.Сургуулиа төгсөөд эх орондоо ирж  ажиллахаар бодож мөрөөдсөн зүйлүүд бий гэв.

О.Дашбалбарын хамт 1996 он

АРД ТҮМНИЙ ОХИН АМИНГЭРЭЛИЙГ АВАРСАН АЧТАН

Нийтлэлийн баатрыг маань  хүмүүнлэгийн үйлстэн гэдгээр нь  монголчууд андахгүй Хүнд өвчин туссан найздаа туслаж байсан, 2019 онд БНСУ-д элэг солиулах хагалгаанд орсон зургаахан сартай Амингэрэл охинд туслах  хандивын аяныг зарлаж, мэс заслын  зардлын 440  сая , дахин эмчилгээний 40 гаруй сая төгрөг  нийт 480    сая төгрөгийг босгож тэнгэрийн мөнгийг газарт буулгасан ачтан. Энэ бол хүний газар сурах, хажуугаар нь цагийн ажил хийж амьдралаа залгуулахын  зэрэгцээ түүний бүтээсэн хамгийн том хүмүүнлэгийн үйлс юм. Үүний өмнө ч нутаг нэгтнүүддээ тусласан түүний тус дэм их бий. Тэрээр Солонгост амьдрал хайж очсон  нутаг нэгтнүүддээ ажил олоход нь  зуучилдаг. Хэлний бэрхшээлтэй,  газар мэдэхгүй заримыг нь ажилд нь хүргэж өгч тарахад нь тосч авах,   эзэнтэй нь очиж уулзан цалин мөнгийг тохирч өгөх гээд тусласаар ирсэн нэгэн. 2019 онд  зургаахан сартай бяцхан охиноо тэвэрсэн залуу хос БНСУ-д түүнийг эрж сурсаар олж уулзан байгаа бүх мөнгөө охиноо оношлуулахад зарцуулсан. Одоо элэг солиулах мэс заслын өртөг  440 сая төгрөг шаардлагатай тул хандив цуглуулахад туслаач гэсэн байна. Ж.Ариунжаргалын хувьд  400 мянга биш 40 сая биш, 440 сая гэдэг эхлээд санаанд нь багтаагүй гэдэг. Гэсэн ч огт  танихгүй атлаа өөрт нь итгэж ирсэн  хүмүүс, өөр рүү нь авраач гэх шиг  бүлтийтэл  ширтэх  бяцхан охины нүдийг хараад 440 сая төгрөг олж чадахгүй байлаа гэхэд хувь хүний зүгээсээ чадах зүйлүүд минь юу билээ хэмээн тэдэнд туслахаар сэтгэл шулуудсан гэдэг. Тухайн үед шалгалт  шүүлэг нь  давхцаж байсан ч бүгдийг амжуулж, орохоор товлоод байсан цагийн ажлаа хүртэл цуцлаад Амингэрэл охинд туслах аяныг   сошиал орчинд эхлүүлж, өдөр бүхэн лайв хийж эхэлжээ. Охины аав, ээж хоёр өмнө нь өөрсдийн хэрээр хандивын аян эхлүүлж БНСУ дахь Монгол таун хоолны газар тавьсан хандивын хайрцагт нь  нэг ч вон цуглаагүй байсан нь Ж.Ариунжаргалын сэтгэлийг өвтгөөд зогсохгүй улам хурцалжээ. Ингээд л тэрхүү хандивын хайрцгийг нь шууд бариад л өндөр дуугаар “Хүмүүс ээ,  энэ бяцхан охинд, энэ залуу гэр бүлд туслаач элэг шилжүүлэн суулгах хагалгаанд нь 440 сая төгрөг хэрэгтэй юм байна. Та бүхэн ууж байгаа цайныхаа мөнгөнөөс илүүчлээд 1000 төгрөг  ч хамаагүй өгч туслаач.  Энэ охины аав нь энэ залуу байгаа юм”  гэж хэлсээр хүн олонтой газраар явжээ.  Ийнхүү эхэлсэн хандивын хайрцагт  нь  эхний өдөр 1500.000 орчим вон, дараагийн өдөр 700.000  вон  гэхчлэн цугласанд  ихээхэн  урам орж өдөр  бүр алгалсалгүй гар утсаараа лайв хийж, Бусан Сөүл Үйжинбүү гээд Монголчуудын наадам болж буй газруудаар  хандивын хайрцгаа барьж гүйсээр  уйлахдаа уйлж, инээхдээ инээж лайв хийсээр  2019 оны долдугаар  сарын 10- ны орой 17:30  цагт эмчилгээний зардлын  440 сая төгрөгийг  босгож чаджээ. 2020 онд дахин эмчилгээнд мөнгө хэрэгтэй болсон тул дахин хандивын аян өрнүүлж 40 сая төгрөгийг  монголчуудынхаа ачаар цуглуулж өгсөн байна.  “Энэ бол ард түмний  маань агуу их хайр,  халуун дулаан сэтгэл байлаа шүү дээ. Ядарсан цагт ард түмэн л бие биендээ тусладаг юм билээ. Гэхдээ энэ бол ганц миний ч биш монголчууд бидний хамтын хүч байсан. Хүнд өвчнийг давж гарсны  дараа  бид  охины нэрийг цээрлэж “Ард түмний охин Божуулай”  хэмээн  дуудах болсон” хэмээн нийтлэлийн баатар маань өгүүлж байлаа.

Ард түмний охин Божуулай, түүний аав ээжийн хамт. БНСУ

 

“ЖЭММА КОРЕА” –ГИЙН  ЛИДЕР, “МОНГОЛ ЭЛЧ”  

Олон хүнд хариу нэхэлгүй туслаж, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн түүнд  БНСУ дах монголчууд   “Монгол Элч-Сайн үйлстэн” хэмээх нэр хүндтэй шагналаа  өнгөрсөн онд  хүртээжээ. Үүний зэрэгцээ тэрээр тус улсын “ЖЭММА КОРЕА” компанид ажиллаж жилийн хугацаанд “ЖЭММА МОНГОЛ” компанийн ТОП лидерүүдийн нэг  болжээ.   Сурахын хажуугаар  ажил хийх, орлоготой болох эрэл хайгуулж хийж яваад тэрээр “ЖЭММА КОРЕА” компанитай анх  холбогдсон байна. Тус компани нь эрүүл мэнд, гоо сайхан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг олон нийтэд  сурталчлан таниулдаг бөгөөд  2019 онд  Монголд 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар  албан ёсоор орж иржээ. Ж.Ариунжаргал энэ мэдээллийг сонсч судалсны үндсэнд хүмүүст өвдсөн хойно нь  биш, өвдөхөөс  нь өмнө тусладаг, өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндээ хамгаалах боломж олгодог  100 хувь ургамлын гаралтай  биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдхүүнтэй “ЖЭММА  КОРЕА”  компанийн гишүүн болжээ. Энэ ажлаа тэрээр  сайн үйлсийн бас нэг аян хэмээн нэрлэж байна. Учир нь түүнд ханддаг хүн олон. Өвдсөн зовсон нэгэндээ хандив  цуглуулахад туслахыг хүссэн, эмчилгээний зардал олоход хамтрахыг гуйсан хүсэлтүүд түүнд байнга шахам ирдэг. Тэр болгонд туслах боломж  нь хязгаарлагдмал. Сүүлийн үед цар тахлаас үүдэн хүн болгоны орлого багассан учраас хэчнээн бусдад туслахыг хүсч байсан ч  тэрэнд туслаач, ийм хандив өгөөч гэхэд хүндрэлтэй болсон гэнэ. “Харин ЖЭММА КОРЕА-гийн гишүүн болсноор хүмүүсийг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нь туслах, эрүүл байх олон боломжийг олгох  боломжтой. Үүгээрээ  олон хүний эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна. Компани маань дэлхийн 150 оронд чөлөөт борлуулалт хийх боломжтой,  дээр нь цор ганц патенттай,  мөн цор ганц түүхий эдтэй, бүтээгдэхүүнтэй. Зөвхөн Жэммагийн мульти ионжуулагчийг нь хэрэглэснээр ионжуулж эрдэсжүүлж энергижүүлсэн усаар нян бактерийг 99.9 хувь  устгаж, үс унахгүй байх, арьсны төрлийн элдэв өвчин тусахгүй байх, түүнчлэн аяга угаагч шингэн, гарын саван, шампунь хэрэглэхгүй байх эрүүл эко орчинд амьдрах нөхцөл бүрдэхээс гадна  эдийн засагт хэмнэлттэй зэрэг олон давуу талтай. Энэ компанийн гишүүн болсноороо хүмүүст эрүүл байх төдийгүй эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх боломжийг давхар олгож “ЖЭММА КОРЕА” компанийн Монгол дахь салбарын топ лидерүүдийн нэг болоод явж байгаадаа баяртай байгаа. Хүмүүс энэ боломжийг мэдрэх юм бол  гэр бүл, эргэн тойрныхоо эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой. Миний хувьд энэ бизнесийг хийснээр боломжийн орлоготой сэтгэл дүүрэн амьдарч байна. Монголчууд минь эрүүл байгаасай, эко  бүтээгдэхүүн хэрэглэдэг байгаасай, эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх боломжийг мэдрээсэй. Хэдийгээр би  энэ бизнесийг эрхлээд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа ч Монгол Улсдаа  нийгмийн хариуцлагаа ухамсарлан  иргэний үүргээ биелүүлж  МОНГОЛ УЛСЫН  төсвийг бүрдүүлэхэд өнөөдрийг хүртэл нэг жилийн хугацаанд 12 сая төгрөгийн татвар төлөх болсон нь тийм ч муугүй амжилт. Нэг ёсондоо сая төгрөгийн цалинтай 12 хүний цалинг  төсөвт бүрдүүлж өгч байна шүү дээ” хэмээн Ж.Ариунжаргал ярьсан юм. Хэцүү бүхний өмнө өвдөг сөгдөөгүй, хийж бүтээх, сурч мэдэхийн төлөө итгэлээ ямагт өрдсөн, бусдад туслаж өөрөө дандаа баярлаж  яваа арвин түүхтэй, баялаг намтартай нэгэн монгол бүсгүйг бид уншигч тантай уулзууллаа. Амьдрал өөрөө түүх байдаг. Хүн бүхэн түүх бүтээж амьдардаг билээ.

“Монгол элч сайн үйлстэн” шагнал хүртлээ 2020он

О.Дашбалбарын том охин, Өдрийн сонины улс төр, эрэн сурвалжлах албаны дарга Д.Мөнгөндалайгийн хамт

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.2.8 ДАВАА № 27 (6504)

Ч.ҮЛ-ОЛДОХ

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио4 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио4 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио4 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм4 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий4 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг4 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий4 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий4 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр4 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм5 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ