Улс төр
Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол хийнэ
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг нар ялтан Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол хийлгэх хүсэлтээ өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьж байгаа талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь гарын үсэг зурсан тохиолдолд уг асуудлаар нийтийн сонсгол хийж боломжтой болох юм байна.
-УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудал нь С.Зоригийн хэргээс тусдаа процессын шатандаа эрүүдэн шүүсэн тухай асуудал юм. Тиймээс энэ асуудлаар хүний эрхийн бүх байгууллагад хандсан. УИХ бүрэн эрхийнхээ дагуу хүний эрхийн зөрчлийн асуудлаар нийтийн ерөнхий сонсгол хийж, тухайн асуудлыг олон нийтэд дэлгэн тавьж, хүний эрхийг зөрчлийг арилгуулах үүрэгтэй. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь гарын үсэг зурсан тохиолдолд нийтийн сонсгол хийж боломжтой болно. Шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хууль болон Байцаан шийтгэх хуульд зарим нэг өөрчлөлт оруулах боломжтой. Тухайлбал, эрүүдэн шүүсэн албан тушаалтанд оногдуулах хариуцлагыг чангатгах асуудлыг өргөн тавих болно. Нийтийн сонсголоос гарсан санал, зөвлөмжийг ҮАБЗ-д хүргүүлнэ.
-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар зургаан удаа шүүх хурал зарласан ч өнөөдрийг хүртэл шийдэхгүй байна. Тиймээс иргэн Т.Чимгээгийн хэрэг шударга бус шүүхийн мөсөн уулын оргил юм байна гэж дүгнэж байна. Тиймээс энэ асуудлыг олон нийтээр хэлэлцүүлж, өдөр бүхэн ярих хэрэгтэй юм байна. Монгол Улсын иргэн Т.Чимгээгийн эрх ноцтой зөрчигдөөд байхад одоо хүртэл яагаад шийдэхгүй, сонгууль болохоор л ярьдаг юм бэ. Энэ хүнийг суллах хэрэгтэй. Дээд шүүхээр асуудлыг нь хэлэлцэж яаралтай нэг тал руу шийдэх хэрэгтэй. Өнөөдрөөс гишүүдийн гарын үсгээ цуглуулж эхэлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг хөндөж эхэлсэн. Гэхдээ УИХ-ын гишүүд энэ асуудал дээр чимээгүй байх эрх байхгүй.