Улс төр
Д.Ганбат: Бүхэл бүтэн улс орон иргэддээ ҮЛДЭГДЭЛ, ХАНДИВЫН ВАКЦИН хийж болохгүй
УИХ-ын өнөөдрийн (2021.04.02) чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсад “КОВИД-19”-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Энэ зээл их оройтож байгаа юм биш үү. Бид хаа байсан 10, 11 сард вазцинаа аваач ээ гэж хэлж байсан. Үлдэгдэл, хандиваар оруулж ирсэн вакциныг хийж байна аа. Хэн зээл өгнө, хэн хандив өгнө гэсэн газраас л вакциныг авч байна. Бүхэл бүтэн улс орон, Засгийн газар ийм байж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлээ.
Харин Сангийн сайд Б.Жавхлан “Бид өнгөрсөн онд төсвөө баталж байхад вакцин баталгаагүй, үнэ нь ч тодорхойгүй байсан. Вакцинжуулалтын түвшний хувьд Азидаа хоцроогүй, эхний тавд явж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан вакциныг авч, оруулж ирж байна. Өчигдрийн байдлаар 330 мянган иргэнээ дархлаажуулаад байна. Ирэх тав, зургаан сар гэхэд хүн амынхаа 60 хувийг хамруулахаар төлөвлөж ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө.