Орон нутаг
Дорнод аймагт сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдлээ
Монгол Улсад Коронавируст халдвар (COVID-19) бүртгэгдсэнээс хойш Улаанбаатар хот болон, бусад аймгаас Дорнод аймагт 20.042 иргэн ирж, 13.981 иргэнийг гэрийн тусгаарлалтад хянан, 10.269 иргэнийг давтан шинжилгээнд хамруулсан бөгөөд 2021 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар гэрийн тусгаарлан ажиглалтад 418 иргэн байна.
Тус аймагт өчигдөр /2021.04.06/ Коронавируст халдварын магадлалтай 2 иргэн бүртгэгдлээ. Тэдний нэг иргэн нь зөвшөөрөгдсөн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан бол, нөгөө нь 13А маягттай Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгээд гэртээ ирээд байсан юм.
Магадлалтай 2 тохиолдол болон ойрын хавьтлын 6 хүнийг Халдвартын тасагт тусгаарлаад байгаа ба дам хавьтлын иргэд амьдарч буй 2 байранд хамгаалалт гаргаад байна. Харин Матад сумын иргэн аймаг хооронд зөвшөөрөлгүй зорчиж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар мэдээлэгдэн, тусгаарлалтын дэглэм баримтлаагүй байна. Сорьцыг ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид баталгаажуулж шинжлүүлэхээр илгээлээ гэж Аймгийн Онцгой комисс, Шуурхай Штаб Тандалтын бүлгээс мэдээллээ.