Дэлхий
“Diamond Princess” хөлөг онгоцноос коронавирусийн халдвартай 60 хүн шинээр илэрлээ
Йокохама хотын боомтод саатуулагдаад долоо хонож байгаа “Diamond Princess” аяллын хөлгөөс коронавирусийн халдвартай 60 хүн нэмж илэрсэн тухай Японы эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлжээ.
Өмнө нь 70 өвчтөн илрээд байсныг нэмбэл тус хөлөг дээрээс нийтдээ 130 халдвартай хүн илрээд байна.
Японы эрх баригчид 3,700 хүнтэй хөлгийн зорчигч, багийн гишүүдээс халдварын шинж илэрсэн 280 хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа юм.
Хөлөг дээр 14 хоногийн хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа. Хөл хорио хоёрдугаар сарын 19-нд дуусах ёстой. Гэхдээ шаардлагатай бол сунгаж болзошгүйг Японы эрх баригчид анхааруулсан байна.
Хөлөг дээр зорчиж яваа 3,700 хүний 1,100 нь хөлгийн ажилчид бол 2,670 орчим нь зорчигчид. Тэдгээрийн ихэнх нь ахмад настнууд байгаа тул коронавирусийн халдвар авах өндөр эрсдэлтэйд тооцогдож байна.
Хөлөг дээр илэрсэн тохиолдлуудаас гадна Япон улсад шинэ коронавирусийн халдварын 26 тохиолдол бүртгэгдээд байгаа. Ирэх долдугаар сарын 24-нд эхлэх Токио 2020 Зуны Олимпийн наадамд коронавирусийн гамшиг саад хийхээс Японы засгийн газар ихэд болгоомжилж байна.
Эх сурвалж: Kyodo News