Дэлхий
ОХУ-ын устгасан хиймэл дагуулын хэлтэрхий ОУСС-д аюул учруулжээ
ОХУ пуужин туршихдаа Олон улсын сансрын станц дахь нисэгчдийг аюулд оруулахуйц, хариуцлагагүй байсан гэж АНУ буруутгалаа.
Тодруулбал, ОХУ өнөөдөр хиймэл дагуул устгах пуужингаа туршиж өөрийн нэг хиймэл дагуулаа дэлбэлжээ. Дэлбэрэлтээс үүсэн хэлтэрхий ОУСС дахь нисэгчдэд аюул болж мэдэхээр байсан тул нисэгчид яаралтай станцыг орхиход бэлдэн сансрын хөлөгтөө суусан байна.
Энэ талаар АНУ-ын Төрийн хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс “ОХУ өнөөдөр өөрийн хиймэл дагуулыг устгах пуужингийн туршилтыг тун болгоомжгүй хийлээ. Туршилтын улмаас 1500 гаруй ширхэг хог хаягдал үүсэж дэлхийн тойрог замд эргэлдэж байна” гэв.
Харин ОХУ-ын Роскосмос сансрын агентлагаас “ОУСС дахь нисэгчдийг сансрын хөлөгт суухад хүргэсэн объектууд ОУСС-ын тойрог замаас холдсон. Сансрын станц одоо аюулгүй” хэмээжээ.
Гэвч Нед Прайс аюул холдоогүй байгаа хэмээсэн.
ОХУ-ын 1982 онд хөөргөсөн тонн гаруй жинтэй “Kosmos-1408” хиймэл дагуулын үлдэгдэл ийнхүү ОУСС-ын нисэгчдэд аюул учруулсан байна. Тус хиймэл дагуул ажиллахаа болиод олон жил болжээ.
Дэлхийгээс 420 км зайд байрлах ОУСС дээр доогоор АНУ-ын дөрөв, ОХУ-ны хоёр, Германы нэг нисэгч байрлаж буй.
Дэлбэрэлтээс үүссэн хог хаягдлын явах чиглэлийг хянах боломжгүй. Зарим нь дэлхий рүү унахдаа шатаж устах бол зарим нь тойрог замд үлдэж дараа дараагийн хиймэл дагуул, пуужингийн туршилтуудад саад болж мэдэх юм.
Сүүлийн 64 жилийн турш хүн төрөлхтөн сансарт хянах боломжгүй 1-10 см хэмжээтэй хэдэн сая хог хаягдлыг үүсгэжээ. Эдгээрийн аль нь ч хэвийн ажиллаж буй хиймэл дагуулыг ажиллаагүй болгох эрсдэлтэй юм.
Иймд дэлхийн улс орнууд сансрын хог хаягдлаа цэвэрлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: BBC