CRI Монгол радио
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XII форум болов
11-р сарын 24-нд, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XII форум “Хүн төрөлхийтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах” сэдвийн хүрээнд видео хэлбэрээр зохиогдож, Бээжин, Хөх хот болон Улаанбаатар хотоос цахимаар холбогдож хуралдав.
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форумыг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэлийн албан хамтран зохион байгуулсан байна. Хятад, Монгол хоёр орны 100 гаруй төлөөлөгч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид форумын гол сэдвийн хүрээнд хамтран халдварын эсрэг тэмцсэн туршлагаа хуваалцан, хэвлэл мэдээллийн хөгжил, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцон, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн юм.
Хятадын Төв хорооны Суртал ухуулгын газрын орлогч дарга, Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Шюй Линь болон Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар үг хэлж, Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ илгээсэн байна.
Шюй Линь хэлсэн үгэндээ, цар тахлын үед Хятад, Монгол хоёр орон бие биенээ дэмжиж, тусалж ирсэн. Хятад, Монгол хоёр орон зовлон жаргалаа хамтатган, Монголын тал гучин мянган хониор тусалж, Хятадын тал цайгаар хариу тусламж үзүүлсэн түүхийг бичиглэсэн бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын тухай ойлголтын тод илэрхийлэл болсон. Энэ хүрээнд хоёр орны хэвлэл мэдээллийнхэн үүрэг хариуцлагаа ухамсарлан, хоёр орны уламжлалт найрамдлыг өвлөн үлдээх, хоёр орны харилцааг хөгжүүлэх үйлсэд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Форумын хүрээнд Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны Нарийн бичгийн газрын нарийн бичгийн дарга Тянь Юйхун, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Телевиз хариуцсан дэд ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нар “Цар тахлын дараах Хятад, Монголын хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санаачилга”-ыг тус тус уншиж танилцууллаа.
Санаачилгын бичигт “Хятад, Монголын найрсаг харилцааны хөгжилд хамтдаа үйлчлэх”, “Хятад, Монголын хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоохыг хамтдаа ахиулах”, “Халдварын эсрэг эв санаа нэгтэй тэмцэх нийтлэг ойлголтыг олон нийтэд бий болгох”, “Халдварын нөхцөл дэх хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг нягтруулах”, “Хятад, Монголын хэвлэл мэдээллийн найрсаг, ажил хэрэгч хамтын ажиллагааг хамтдаа бэхжүүлэх” зэрэг 5 агуулгыг хамарчээ. Санаачилгын бичигт мөн “Бид хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд Хятад, Монголын найрамдалт үйлсийг урагшлуулах, хоёр орны иргэдэд буян эдлүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоохын тулд гар гараа холбон, мөр зэрэгцэн тэмцэж зохих хувь нэмэр оруулах хэрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум нь Хятад, Монгол хоёр орон хоорондын хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааны чухал индэр юм. 2010 онд зохиогдож эхэлснээс хойш, хоёр орны найрамдлыг бэхжүүлэх, хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд гүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Уг форумын хүрээнд Өвөр Монголын Өдрийн Сонин, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Өвөр Монголын Радио телевиз, Монгол Улсын Боловсрол телевиз, Улаанбаатар телевиз, Өвөр Монголын Ордос хотын Радио телевиз болон Монгол Улсын Өвөрхангай аймгийн Хас телевиз, Өвөр Монголын Ордос хотын мэдээллийн сайт, Монгол Улсын Ховд аймгийн мэдээллийн сайтууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.