Нийгэм
Говьд үзэгдсэн нохой зээх Дэлгэрхангай уулнаас бууж ирсэн байж магадгүй
Хоёрдугаар сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын нутаг “Зүүн Олдох” гэх газарт нохой зээхтэй таарсан гэх иргэний гар утсандаа буулгасан зураг олон нийтийн сүлжээнд нэлээд шуугиан тариад байна. Ой тайга, хадтай ууланд амьдардаг гэх энэ махчин амьтан яагаад говьд, тэр дундаа хээр талд явж байсан мөн түүнийг байгаль хамгаалагчид хяналтадаа авсан эсэх асуудлаар Хулд сумын Засаг дарга П.Бямбалхагватай холбогдож тодрууллаа.
Тэрбээр “Арваад хоногийн өмнө Хулд сумын нутагт нохой зээх явж байна гэх мэдээллийг малчин иргэн надад өгсөн. Хангайд байдаг энэ амьтан яагаад говьд явж байсан талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл алга. Нэлээд хэдэн сарын өмнө Дэлгэрхангай ууланд баавгайтай ижил төстэй амьтны мөр байна, нохой зээх үзэгдлээ гэх мэдээллийг нутгийн хоёр эмэгтэй холбогдох албаныханд өгсөн байдаг. Тэр амьтан нь баавгай биш энэ нохой зээх байсан байж магадгүй гэх таамаглалыг дэвшүүлээд байгаа. Одоогоор айлын хот руу дайрсан, мал хуй барьсан гэх мэдээлэл байхгүй байна. Иргэний авсан зураг Дэлгэрхангай уулаас 60 км-ийн зайд оршдог газарт авсан байсан. Тэгэхээр уулнаас бууж ирсэн байж магадгүй гэх таамаглал илүү үнэнд нийцэх байх. Түүнчлэн энэ амьтан хээр талд 20 км/цагийн л хурдтай явдаг болхидуу хөдөлгөөнтэй гэж иргэд ярьж байсан” гэлээ.
Говьд үзэгдсэн тэрхүү нохой зээхийг байгаль хамгаалагч эсвэл байгаль орчны газрын ямар нэгэн хяналт, хамгаалалтад аваагүй гэж холбогдох албаныхан мэдээллэсэн бөгөөд тэр өдрөөс хойш дахин харсан гэх тохиолдол гараагүй байгаа ажээ.
Дашрамд өгүүлэхэд, “Нохой зээх (Gulo gulo) нь Mustelidae овгийн бахим, булчинлаг мах идэштэн амьтан юм. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ой тайга, Аляска, Канад, Скандинавын орнууд, Оросын Сибирь, Монгол, Хятадын хойд хэсгийн нутгаар тархан амьдардаг. Мөн АНУ-ын Хадат ууланд цөөн тоогоор таардаг амьтан аж.
Нохой зээх нь богино хөлтэй, өргөн дугуйдуу толгойтой, жижиг нүд, богино дугуй чих зэрэг нь баавгайтай их төстэй юм. Таван хуруутай том саврын тавхайгаар тулан явдаг нь гүн цасанд явах хөдөлгөөнийг хөнгөвчилдөг байна. Нас бие гүйцсэн нохой зээх нь дунд зэргийн хэмжээний нохойтой тэнцэхүйц, 65-87 см урт, 17-26 см сүүлтэй, 10-25 кг жинтэй байна. Зарим тохиолдолд томхон эр нь 31 кг хүрдэг. Эр нохой зээх эмээс биеэр 10 хувь том, жингээр 30 хувь илүү байдаг ажээ.