Эдийн засаг
Н.Мөнхбатын үед зээл авсан ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИД хэнтэй холбогдож байна вэ?
Хөгжлийн банкийг удирдаж байхдаа хамгийн олон чанаргүй зээл олгосон ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын эргэн төлөгдөөгүй зээлийн үнийн дүн 906 тэрбум 544 сая гаруй төгрөгөөр тэргүүлж байгаа. 2012-2015 оны хооронд нийт 13 зээл олгосноос өнөөдөр 10 нь чанаргүй гэсэн ангилалд оржээ. Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газрын үед босгосон Чингис бондын 1.5 тэрбум долларыг “тараасан” гол эзэд болсон тэд өнөөдөр ямар хариуцлага хүлээх вэ?
Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад 2017 оноос хойш эрүүгийн хэрэг үүсгэн барьж тавьж муур хулгана болж байгаа ч Хөгжлийн банкинд учруулсан гэм хохирлыг нарийвчлан тооцоогүй. Одоо ил болж байгаа зээлээ төлөөгүй зээлдэгч нартай холбоотой баримтыг нягтлахад түүний нийт олгосон зээлийнх нь 70 гаруй хувь чанаргүй ангилалд орсныг дараах баримтаас харж болно.
“Чингис бонд бол өр биш. Чингис хааны бидэнд өгсөн хишиг” гэж бөөлж байсан тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр авто зам эрчим хүч, барилгын материал орон сууц зэрэг 204 төсөлд 930 тэрбум төгрөгийг санхүүжүүлээд байна хэмээн 2013 онд мэдээлж байсан.
Гэтэл үүнээс хойш 9 жил өнгөрөхөд “Чингис бонд” ард түмэнд өр, ар албан тушаалтан эрх мэдэлтнүүдэд л хишиг болсныг өнөөдрийн байдал нотолж байна. Бонд босгоод жил хүрэхгүй хугацаанд 930 тэрбум төгрөгийг тараачихсан байсан Н.Алтанхуягийн Засгийн газар амташсан хэрээ 13 дахидгийн үлгэрээр дахиад 2.1 тэрбум долларын бонд босгохоор бэлдэж байсан ч азаар амжилгүй огцорсон билээ.
Тухайн үед УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Чингис бондын хүүнд хагас жилд 35 сая ам.доллар, өдөрт 270 сая төгрөгийн өрөнд орж байгааг мэдэгдэж, болгоомжлуулж байсан. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ өрийг та бид биш бидний үр хүүхдүүд төлчихнө” хэмээн тавлаж байлаа. Харин одоо Н.Алтанхуяг гуай өөрөө итгэл хүлээлгэн томилж энэ их мөнгийг захиран зарцуулах эрх мэдлийг олгосон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон түүний томилсон Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал нэртэй ч Фортунагийн гарын үсэг болсон Н.Мөнхбат нарынхаа улсад учруулсан хохирлыг “хүүхдүүдээрээ” төлүүлэх болж дээ.
2012 оноос хойш олгосон Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг судлахад, хамгийн “но”-той, хамгийн их хэл ам дагуулж буй зээлүүд бараг бүгд Б.Шинэбаатар, Н.Мөнхбат гэдэг хоёр хүнтэй холбогдож байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын 200 гаруй тэрбум төгрөгийг залгисан Капитал банк, Монголыг тэжээгч ганц саалийн үнээ “Эрдэнэт” үйлдвэрийг хууль бусаар хувьчилж авахад оролцсон “КЬЮ ЭС СИ “ компани, дуулиант “Шинэ яармаг”, “Капитал” банктай зэрэг шахуу дампуурсан ч одоо хүртэл хамгаалагдсаар байгаа Чингис хаан банк гээд улс төр бизнесийн бүлэглэл, сүлжээнд хамааралтай нь ил болсон доорх компаниуд энэ хоёр хүнийг Хөгжлийн банкийг удирдаж байх үед зээл авчээ.
“Капитал банк” УИХ-ын гишүүн асан Г.Ундармаагийнх, “Кью Эс Си” нь “сахал” хочит Эрдэнэбилэгийн охин компаниудын нэг, “Шинэ яармаг” төсөл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамааралтай, “Мон лаа” компанид УИХ-ын гишүүн М.Билэгтийн хүү хувь эзэмшилтэй, “Монполимет” компани УИХ-ын гишүүн Ц.Гарамжавынх, Чингис хаан банкинд Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн эгч болон бизнесийн хамааралтай хүмүүс нь гол хөрөнгө оруулагчид юм.
Зээл авсан компани | Зээлийн үлдэгдэл | |
1 | КАПИТАЛ БАНК | 51,967,319,255.26 |
2 | КЬЮ ЭС СИ ХХК | 145,866,322,191.27 |
3 | МОН ЛАА ХХК | 5,155,091,636.00 |
4 | МОНПОЛИМЕТ ХХК | 90,323,881,973.43 |
5 | ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БУЯНТ УХАА 1 | 69,105,793,576.51 |
6 | ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ШИНЭ ЯАРМАГ | 83,166,138,378.67 |
7 | ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БУЯНТ УХАА 2 | 73,587,839,898.32 |
8 | ЧИНГИС ХААН БАНК | 1,028,148,966.75 |
9 | ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК | 141,367,533,470.13 |
10 | ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ | 42,293,432,967.03 |
11 | ЭРЭЛ КОМПАНИ | 107,882,640,391.34 |
12 |