Улс төр
С.Бямбацогт: Худалч, хулгайчаар дуудуулах бол дуудуулъя
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр /2022.03.31/ намынхаа Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд холбогдсон есөн гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулах болсон талаар мэдээлсэн. Тухайн есөн гишүүний нэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт багтсан юм. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулж, байр сууриа илэрхийлэв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нутагтаа аав ээждээ ойрхон амьдрах л сайхаан. Тэр сайхны төлөө би чичлүүлсэн ч гүтгүүлсэн ч зүтгэнэ. Би Ховд, Увс ,Баян-Өлгий,Завхан Говь-Алтай аймгийн иргэдийг ажилтай орлоготой,Улаанбаатартай адил өртөгтэй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Үүний улмаас надад янз бүрийн нэр хоч зүүгээд муу муухайгаар дуудаж харлуулах сонин биш ээ. Баруун таван аймгийнхаа иргэдийг өсөж төрсөн нутагтаа сэтгэл хангалуун, хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтай амьдрах боломжийг бүрдүүлэх нь УИХ-ын гишүүн миний эцсийн зорилго билээ. Тухайн бүс нутгаас сонгогдсон гишүүд надтай санал нийлнэ гэдэгт итгэж байна. Үүний төлөө худалч, хулгайчаараа дуудуулах бол дуудуулъя . Эхлээд шалгуулъя гэдэг хүсэлтээ албан ёсоор хуулийн байгууллагад хүргүүлье, баруун аймгийнхан үнэтэй байранд амьдрах нь шударга ёс уу, үнэтэй шатахуун хэрэглэх нь зөв юм уу, үнэтэй талх гурил авч хохирч байх ёстой юу. Шүүх гэм буруутайг тогтоотол хэнийг ч гэм буруутай тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Хууль зөрчсөн эсэх нь тогтоогдтол та бүхнийг хүлээцтэй байхыг хүсье” гэжээ.