Нийгэм
Жагсаалд оролцсон 20 иргэнийг саатуулж, 18 хүнийг эрүүлжүүлжээ
Төв талбайд өчигдөр /2022.04.07/ залуус төр, засгийг ажлаа хийхийг шаардаж, тайван жагсаал хийсэн. Улмаар үүрийн 04:00 цагийн үед цагдаа нар хүч хэрэглэн жагсаалыг албадан тарааж, 67 иргэнийг баривчилсан гэх мэдээлэл бий.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2022.04.08/ ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал “Өчигдөр өглөө 10:00 цагаас эхэлж залуус тайван жагсаалаа эхлүүлсэн. Хуульд зааснаараа урьчилж мэдэгдээгүй. Иргэдэд цагдаагийн байгууллын зүгээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, янз бүрийн байдлаар нийгмийн дэг журам зөрчигдөхгүй, иргэдийн эрх чөлөөнд халдахгүй байхыг удаа дараа сануулсан. Цагдаагийн байгууллагын зүгээс тасралтгүй хяналт тавьж ажилласан. Залуусын дундаас ус ундааны сав шидэх, талх шидэх зэрэг эсэргүүцлээ илэрхийлсэн. Жагсаал 09:00 цагийн орчимд жагсаалын бүтэц өөрчлөгдсөн. Жагсаал шингэрсэн, нийтийн хамарсан жагсаалд бусдыг турхирсан үг хэллэг хэлж эхэлсэн. Цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж, төрийн тусгай обьектод дайрч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс олширсон. Залуусыг тарахыг шаардсан. Цагдаагийн алба хаагчдын эрх чөлөөнд халдсан, тархи толгойг нь хагалсан, ажилд нь саад учруулсан. Жагсагчдын дунд насанд хүрээгүй иргэд, хүүхдүүд байсан. Тиймээс 03:40 цагт жагсаалыг тараасан. Үндсэндээ 20-иод иргэнийг түр саатуулан, шалгаж байна. Харин 18 иргэнээс согтолтын зэрэг тогтоосон, эрүүлжүүлсэн” гэх мэдээллийг өглөө.