CRI Монгол радио
Жинхэнэ санаа үнэн төрх нь илэрч байна
Шангри Лагийн 19 дэх яриа уулзалт зургаадугаар сарын 12-ны өдөр Сингапурт өндөрлөв. Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн яриа уулзалт дээр тавьсан тусгай илтгэл “жадны үзүүрээ шууд Хятад улсад чиглүүлж”, цэрэг арми, эдийн засаг зэрэг салбарт Хятад улстай бүх талаар сөргөлдөх зорилготой байгаагаа илэн далангүй мэдэгдсэн хэмээн тус орны хэвлэлээр бичигджээ.
Энэ бол Японы ерөнхий сайдын түвшний өдөр албан тушаалтан хоёр дахь удаа уг яриа уулзалт дээр тусгай сэдвээр илтгэл тавьж байгаа болно. Одоогоос найман жилийн өмнө буюу 2014 оны яриа уулзалт дээр тус орны экс ерөнхий сайд Абе Шинзо мөн Хятад улсыг дайрч давшиж байсан бол энэ удаад Фумио Кишидагийн үг яриа нь улс төр, цэрэг арми, эдийн засаг зэрэг салбарт бүх талаар Хятад улстай сөргөлдөнө гэсэн бөгөөд Азийн орнууд мөн адилхан Хятад улстай сөргөлдөхийг турхирсан аж. Японы батлан хамгаалахын сайд нь ерөнхий сайдтайгаа дуу хоолойгоо нэгтгэсэн бөгөөд онцгойлон Тайваний асуудлаар Хятад улстай цэрэг армиар тулж мөргөлдөх тухай байр сууриа ч илэрхийлээд амжив.
Сүүлийн үеийн Японы улс төрчдийн Хятад улстай холбоотой үг яриа, үйлдэл нь нэг их гайхмаар зүйл биш юм. Өдгөө Америк “Энэтхэг-Номхон далайн стратеги” гэгчээ хүч мэдэн ухуулж байгаа нь Хятад улстай сөргөлдөж, улмаар цэрэг армийн “хүлээс”-ээс мултарч, Ази тивийг ноёрхох боломж хайж санаархах урам зоригийг Японы зарим улс төрчдөд өгөөд байна. Гэвч өнөөдрийн Америк Азийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцоход өмнөх шигээ эрч хүчгүй болж, “хүний гараар могой атгуулах”-ыг хичээж байгааг тэд сайтар мэдсэн байх ёстой юм.
“Энэтхэг-Номхон далайн энх тайвны төлөвлөгөө” гэгчийг ирэх жилээс хэрэгжүүлэх гэж байгаагаа Фумио Кишида илтгэлдээ мэдэгдсэн бөгөөд улс төр, эдийн засаг, дипломат харилцаа, цэрэг арми, аж үйлдвэр зэрэг салбарт Хятад улсыг сүрдүүлэхийг оролдсон байна. Фумио Кишад, Нобуо Киши бүгд л “Украины өнөөдөр бол зүүн Азийн маргааш” гэдгийг онцолж, “Хятад улс Тайваньд зэвсэг хэрэглэх гэж байгаа тул Япон эрхбиш цэргийн зардлаа нэмэгдүүлж, үндсэн хуульдаа засвар өөрчлөлт оруулах тулгам шаардлагатай” гэдгийг чинээ мэдэн сурталчилсаар байна. Эдийн засгийн хувьд Япон мөн л Хятад улстай сөргөлдөхийг зэхэж байна. Хэдийгээр тус орны эдийн засаг өөдгүй байж, сүүлийн жилүүдэд технологийн инновац гэж нэг их зүйл яригдахгүй болсон ч тус орны засгийн газар “Эдийн засгийн аюулгүй байдлыг батлах” төлөвлөгөө гэгчийг дурдаж байгаагийн гол зорилго нь дэвшилтэт технологийн салбар дахь давуу байраа хамгаалж, өөрийн орны технологи нь Хятад улсад үйлчлэхийг хязгаарлаж хазаарлах явдал болно.
Одоогоос сарын өмнө Японы парламент Фумио Кишидагийн засгийн газрын өргөн барьсан эдийн засгийн аюулгүй байдлыг батлах шинэ хуулийн төслийг баталсан бол “эдийн засгийн аюулгүй байдлыг батлах зэрэг шинэ бодлогын хүрээн дэх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ” хэмээн тэрээр энэ удаад ярьж байгаа нь цаана нэг санаа зорилготой нь мэдээж. Түүнчлэн энэ удаагийн яриа уулзалтын үеэр Японы тал зүүн өмнөд Азийн орнуудтай цэрэг армийн солилцоогоо эрчимжүүлж, цэргийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн боловч үүнийг нь улс орнууд төдийлөн тоогоогүй. Жишээ нь Индонезийн батлан хамгаалахын сайд яриа уулзалт дээр хэлэхдээ, Индонез улс орнуудад бүгдэд нь хүндэтгэлтэй хандана, тиймээс цэрэг армийн эвсэл бүлэгт оролцохгүй гэсэн бол “АСЕАН өөрийн хөгжлийн замналаа өөрөө бие даан шийднэ” хэмээн Малайзын батлан хамгаалахын сайд мэдэгдэв. АСЕАН-ы бусад гишүүн орнууд ч аль нэг эвсэл бүлэгт орж, тал хуваагдан зогсохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Ер нь түүхэнд Азийн орнууд Японы империализмын халыг ханатал амссан тул тус орны улс төрчдийн үг ярианд маш болгоомжтой ханддаг юм.
Японы Асахи Шимбун сонин энэ жилийн яриа уулзалтыг хамтран зохион байгуулагчийн нэг болохын хувьд, 5-р сарын сүүлээр Японы ГХЯ-аас явуулсан санал асуулгын дүнг иш татан тэмдэглэхдээ, Хятад улс бол бүс нутгийн ирээдүйн хамгийн чухал хамтын ажиллагааны түнш, үүнийг Япон, Америк гүйцэхгүй хэмээн АСЕАН-ы орнууд санал нэгтэй үзэж байна гэжээ. Ямартай ч Хятад улсын хөгжил боломж болохоос заналхийлэл биш юм. Энэ бол дийлэнх орнуудын нийтлэг ойлголт болохоор Японы улс төрчдийн үг ярианаас болж амар өөрчлөгдөх зүйл биш.