CRI Монгол радио
БНХАУ-ын ГХЯ-ны мэдэгдэл
Хятадын Гадаад харилцааны яам саяхан мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, 8-р сарын 2-нд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын хүчтэй эсэргүүцэл болон хатуу байр суурийг үл тоомсорлож, Хятадын Тайвань бүсэд айлчилж, Нэг Хятадын зарчим болон Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдлийг ноцтой зөрчиж, Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэс суурийг ноцтой нөлөөлж, Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой халдаж, Тайванийн хоолойн энх тайван тогтвортой байдлыг алдагдуулж, “Тайванийг тусгаар тогтнуулах” гэсэн хүчинд буруу дохио өгч байна. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж, хатуу зэмлэн буруушааж байгаа бөгөөд АНУ-ын талд хатуу эсэргүүцлээ албан ёсоор мэдэгдэж байна гэжээ.
Дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс байдаг. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болошгүй нэг хэсэг бөгөөд БНХАУ-ын засгийн газар Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1971 оны 2758 тоот тогтоолд энэ тухай тодорхой заасан байдаг. 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаас хойш 181 улс орон Нэг Хятадын зарчмын үндсэн дээр БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон байдаг. Нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ юм.
1979 онд Америкийн тал Хятад, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоох тухай мэдэгдэлд: “БНХАУ-ын засгийн газар нь Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар гэдгийг АНУ хүлээн зөвшөөрч байна. Энэ хүрээнд Америкийн ард түмэн Тайванийн ард түмэнтэй соёл, худалдаа болон бусад албан бус харилцаатай байх болно” хэмээн амлаж байсан юм. АНУ-ын засгийн газрын бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд АНУ-ын Конгресс Америкийн засгийн газрын Нэг Хятадын бодлогыг хатуу баримталж, Хятадын Тайванийн бүс нутагтай албан ёсны харилцаатай байхаас татгалзах ёстой. АНУ-ын конгрессын гишүүдийг Тайваньд айлчлахыг Хятад улс эсэргүүцсээр ирсэн бөгөөд АНУ-ын засгийн газар үүнийг таслан зогсоох үүрэг хариуцлагатай. Пелоси бол АНУ-ын Конгрессын удирдагч учраас түүний Тайваньд ямар ч хэлбэрээр, ямар ч шалтгаанаар айлчлах нь АНУ, Тайванийн албан хэлхээ холбоог шат өгсүүлсэн улс төрийн өдөөн хатгалга болох юм. Хятад улс үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, Хятадын ард түмэн ч хүлээн зөвшөөрөхгүй.
Тайваний асуудал бол Хятад Америкийн харилцааны хамгийн чухал, хамгийн үндсэн, хамгийн эмзэг асуудал юм. Одоогийн байдлаар Тайваний хоолойн нөхцөл байдал хурцдаж, хүнд сорилтуудад нүүр тулаад байгаа үндсэн шалтгаан нь Тайваний эрх баригчид болон АНУ өнөөгийн байдлыг өөрчлөхөөр оролдож байгаа хэрэг юм. Тайванийн эрх баригчид “АНУ-д найдаж, Тайванийг тусгаар тогтнуулах”, “1992 оны нийтлэг ойлголт”-ыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, “Хятадаас салах” зэрэг арга хэмжээ авч, “Тайванийг аажмаар тусгаар тогтнуулах”-ыг зорьсоор ирсэн. Америкийн тал “Тайваниар Хятадыг хазаарлах” оролдлого хийж, Нэг Хятадын зарчмыг байнга гуйвуулж, Америк Тайванийн албан ёсны харилцааг бэрчимжүүлж, “Тайванийг тусгаар тогтнуулах” салан тусгаарлах үйл ажиллагааг дэмжиж байна. Энэ бол галаар тоглож буй маш аюултай үйлдэл бөгөөд эцэст өөрийгөө хохироох алхам юм.
Хятад, Америк нь хоёр том гүрний хувьд харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, сөргөлдөөнөөс зайлсхийж, хамтран ажиллаж хамтдаа ялалт байгуулж байж л бие биетэйгээ зөв харилцаж чадна. Тайваний асуудал бол Хятадын дотоод хэрэг бөгөөд өөр аль ч улс орон Тайваний асуудлаар шүүгч байх эрхгүй.
“Тайванийн асуудлаар Хятадыг хазаарлах” гэсэн оролдлогоо зогсоож, Тайванийн хэрэгт хөндлөнгөөс оролцох, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоож, “Тайванийг тусгаар тогтнуулах” гэсэн салан тусгаарлагчдыг янз бүрийн хэлбэрээр дэмжин, сайшаахаа болихыг Хятадын тал АНУ-ын талд хатуу шаардаж байна. Тайванийн асуудлаар хэлсэн үг болон хийсэн үйлээ нэгтгэн, Нэг Хятадын зарчмыг мушгин гуйвуулахаа зогсоож, Нэг Хятадын зарчим болон Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдэлд заасан заалтуудыг бодит үйл ажиллагаагаар баримталж, АНУ-ын удирдагчдын өгсөн амлалтыг бодитоор биелүүлж, алдаа буруу болон эрсдэлтэй замаар замнахгүй байхыг хатуу сануулж байна.