CRI Монгол радио
ХКН-ын XX их хурлын тайлангаас Хятад улсын хөгжлийн чиг хандлага, онцлох бодлогуудын талаар авч үзэх нь
ХКН-ын ээлжит XX их хурал энэ оны 10 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши жиньпин улс төрийн тайландаа XVIII их хурлаас хойшхи буюу өмнөх 10 жилийн ажлаа дүгнэж, ирэх 2030 он хүртэлх дунд хугацааны зорилтуудад илүүтэй төвлөрсөн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлов. Мөн Төв Хорооны Улс Төрийн Товчоо, Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүд сонгогдож, ирэх 5 жил Хятад улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох удирдагч лидерүүд тодорлоо.
Тус хурлаар Хятад улс цаашид өрнөдийн хэв маягтай хөгжлийн замаар бус харин Хятад маягийн шинэчлэлт буюу хүн амын тоогоор хамгийн их, ард түмэн хамтдаа чинээлэгжих, материаллаг болон оюуны соёлыг харилцан уялдуулах, хүн хийгээд байгалийн зохирлыг чухалчлах, энх тайванч хөгжлийн замаар замнах гэсэн таван онцлогийг шингээсэн Хятадын онцлогтой, Хятад маягийн загвараар хөгжих замыг тууштай баримтална гэдгээ онцлов.
XX их хурлын тайлан нь Хятад улсын “өнгөрсөн”–ийг танин мэдэх цонх төдийгүй тус улсын шинэ эрин үеийн гэх тодотголтой ирэх 10 жилийн их өөрчлөлт шинэчлэлтийг зөвөөр ойлгох боломж юм. Тиймээс миний бие тайлангийн үр дүнгээс тус улсын хөгжлийн чиг хандлага, хөгжлийн зарим онцлох бодлогуудын талаар танилцуулахыг зорив.
Нэ. Хурлын тайлангаас Хятад улсын хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох нь
ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ХКН-ын 100 жилийн ойн хурал дээр “Бид Хятадын онцлогтой шинэчлэлтийн шинэ замыг бүтээн бий болголоо” хэмээн онцолж байсан бол энэ удаагийн тайландаа Хятад маягийн шинэчлэлтээр замнах болно гэдгээ дахин мэдэгдэв.
Тэгвэл “Хятад маягийн шинэчлэл” гэдгийг хэрхэн ойлгох вэ? Бүх Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн албан ёсны цахим хуудас [1]-нд “Хятадын онцлогтой шинэчлэлт гэдэг нь нэгд, хүн төвтэй хөгжлийн үзэл санааг баримтлах, ХКН удирдан жолоодох социалист шинэчлэлт, хоёрт, 1,4 тэрбум хүн бүгд оролцох, хамгийн том цар хүрээтэй шинэчлэлт, гуравт, нэг ч хүнийг ардаа орхихгүй, 1,4 тэрбум хүн хамтдаа чинээлэгжих шинэчлэлт, дөрөвт, эд материалаар ч, оюун санаагаар ч бүрэн дүүрэн байх материаллаг болон оюуны соёлыг уялдуулсан шинэчлэлт, дөрөвт, хүн хийгээд байгаль харилцан зохирч орших шинэчлэлт, тавд, хүн хооронд эрх тэгш, улс хооронд энх тайвнаар зэрэгцэн орших шинэчлэлт” гэж тодорхойлжээ. Энэ нь Хятад хэв маягийн бүтээн байгуулалтаар дамжуулан орчин үеийн хүчирхэг гүрнийг байгуулах зам гэсэн үг.
Хятад маягийн шинэчлэлтийг хийх явцад үндэсний аюулгүй байдалд онцгой анхаарахаа мэдэгдээд буй. Үндэсний аюулгүй байдалд дан ганц цэрэг арми, батлан хамгаалахын салбар бус хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, гол үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдал зэрэг багтана. Тайланд дурдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах арга зам нь өндөр технологийн салбарыг бусад салбаруудыг хөтлөх гол хүч болгож, ингэснээр гадаад улс орнуудын технологид хэт түшиглэх байдлыг багасган, энэ нь эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах үндэс болно [2] гэж үзжээ.
Онцлууштай нь шинжлэх ухаан технологи, боловсрол, хүний нөөцийн асуудал нь XX их хурлын тайланд тусгайлсан сэдэв болж тусгагдав. Энэ нь цаашид ХКН орчин үеийн хүчирхэг гүрэн болох бүтээн байгуулалтад шинжлэх ухаан, инновацийг чухал байр сууринд тавихын зэрэгцээ боловсролын тогтолцоогоор дамжуулан технологийн салбарт чадвартай, өндөр ур чадвартай боловсон хүчнийг олноор бэлтгэнэ гэсэн үг юм. Ер нь ч тайланг бүхэлд нь уншихад улсынхаа ирээдүйн хөгжлийг шинжлэх ухаан технологиор бие даан хүчирхэгжиж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах байдлаар зурагласан нь харагдана.
Хамтдаа чинээлэгжих зорилт бол энэ удаагийн тайлангийн бас нэгэн чухал сэдэв. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин: “Хятад маягийн шинэчлэлтийн нэг онцлог нь бүх ард түмнийг хамтад нь баян чинээлэг болгоход оршино. Ингэхдээ шинэ эрин үеийн Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн тэнцвэргүй, бүрэн бус асуудлыг илүү сайтар шийдвэрлэх, инноваци, өндөр чанар, ногоон хөгжлийн үр шимийг ард иргэдэд хамтад нь хүртээх замаар нийтэд нь чинээлэгжих зорилтод хүрэх” [3] ёстойг онцолсон. Хятад улс өнгөрсөн он гэхэд хүн төрөлхтний түүхэнд урьд байгаагүй өргөн цар хүрээнд үнэмлэхүй ядуурлыг бууруулж, дундаж чинээлэг нийгмийг байгуулсан нь эдүгээ хамтдаа чинээлэгжих зорилтыг биелүүлэхэд үндсэн нөхцөлийг бүрдүүлж чадсан билээ.
Хоёр. Хурлын тайланд дурдсан эдийн засгийн салбарын онцлох зарим бодлогууд
Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн өсөлт урьд жилүүдтэй нь харьцуулахад удааширч, буурах үзүүлэлттэй байгаа ч бүтэц болон чанарын хувьд ихээхэн ахижээ. Ялангуяа өндөр шинэ технологийн үйлдвэрлэл гайхам хурдаар урагшлав. Зарим технологийн томоохон салбар нь дэлхийд хэдийнээ тэргүүлээд эхэлсэн. Инновациар хөдөлгөгч хүчээ хийх, өрсөлдөөнийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах зэрэг бодлого арга хэмжээнүүдийг авсны үр шимээр өнөөдөр тус улс салбар бүртээ бие даан хөгжин хүчирхэгжиж, бусдаас хамааралт байдал нь улам багассаар байна.
Тайланд Хятад улсын дунд хугацааны зорилт буюу 2035 он хүртэлх хөгжлийн зорилтыг илүү тодорхой авч үзсэн байна. Үүнд “эдийн засгийн бодит хүчин чадал, шинжлэх ухаан технологийн бодит хүчин чадал, улс орны цогц хүчин чадлыг ихээхэн дэвшилд хүрэх”, “шинжлэх ухаан технологийн хувьд өндөр түвшинд бие даан хүчирхэгжиж, инновацлаг гүрний тэргүүн эгнээнд жагсах”, “орчин үеийн эдийн засгийн тогтолцоог байгуулж, хөгжлийн шинэ байдлыг бий болгох”, “бүх үйл явцыг хамарсан иргэний ардчилсан тогтолцоог улам төгөлдөржүүлэх”, “хүнийг бүх талаар хөгжүүлэх, бүх ард түмнийг хамтад нь чинээлэгжүүлэх ажлыг улам бодитойгоор ахиулах” зэрэг [4] багтжээ.
ХКН-ын XIX дэх удаагийн V бүгд хурлаар шинэ хөгжлийн үзэл санааг дэвшүүлж, түүнээс хойш нийгмийн салбар бүрийн хөгжлийн бодлогод “өндөр чанар”-ыг гол стандарт, удирдлага болгож ирсэн. Тэгвэл XX их хурлын тайлангаас харахад энэ зарчмыг улам хатуу баримтлах, шинэчлэлтийг хийхдээ “тоо”-ноос “чанарт”-т , “цар хүрээний тэлэлт”-ээс “бүтцийн ахиц дэвшил”-д , “том” -оос “хүчирхэг” өөд тэмүүлэх хандлагатай байна.
Түүнчлэн “дотоод гадаад хос орчил” -д төвлөрөх, нийлүүлэлтийн талын бүтцийн шинжтэй өөрчлөлт хийх зэрэг урьдны бодлогоо ч үргэлжлүүлнэ. “Дотоод гадаад хос орчил” нь дотоодын зах зээл, хэрэглээний чадамжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангаж, үндэстний бие даах, шинээр бүтээх чадамжийг дээшлүүлэн, дотоод гадаад зах зээлийг уялдуулан хөгжлийг дэмжих арга бөгөөд Ши Жиньпин дарга 2020 оны 5 дугаар сард анхлан дэвшүүлжээ [5].
Хятад улс 40 жилийн өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогыг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд ард түмний орлого нэмэгдэж, хэрэглээний түвшин шинэ үе шатанд хүрч, амьдралын үндсэн материаллаг эрэлт хэрэгцээ хангагдсан. Харин одоо иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчин, соёл болон өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт хэрэгцээ тасралтгүй өссөөр байгаа боловч төрөөс энэ талын нийлүүлэлтийг хангаж гүйцэхгүй байгаа асуудал тулгараад буй. Тиймээс нийлүүлэлтийн талын бүтцийн шинжтэй өөрчлөлт хийхэд хичээн ажиллана гэдгээ Хятадын Засгийн газар онцолж байна. Түүнээс гадна цаашид эдийн засгийн хөгжилд технологийн дэвшил, тогтолцооны шинэчлэлт, удирдлагын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ [6]. Ингэхдээ суурь судалгаа болон орон нутгийн инновацийн хөгжлийг дэмжих замаар эдийн засгийг хөтөлж, үндэсний аюулгүй байдлыг давхар баталгаажна [7] гэв.
ХХ Хурлын тайланд “нийтийн үйлчилгээний түвшинг дээшлүүлж, тэнцвэртэй, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, хамтдаа чинээлэгжих ажлыг бодитоор урагшлуулна” гэж мэдэгдсэн. Хятад улсын хөгжлийн тэнцвэргүй, бүрэн бус байдал сүүлийн үед асуудал болоод буй. Тиймээс ч Ши Жиньпин дарга “Хятад улс үе шаттайгаар хамтдаа чинээлэгжих зорилтод хүрнэ гээд 2035 он гэхэд бүх ард түмний хамтдаа чинээлэгжих ажил тодорхой бодит шинжтэй ахиц дэвшилд хүрч, нийтийн үндсэн үйлчилгээ тэнцвэртэй болно” гэж цохон тэмдэглэсэн билээ.
Дүгнэлт
ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын XX их хурлын хаалтын ёслол дээр “ХКН-ын гол үүрэг бол Хятадын онцлогтой шинэчлэлтээр дамжуулан Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг ахиулна” , “Бид шинэ эрин үеийн шинэ аян замдаа дэлхий ертөнцийг гайхшруулам илүү том илүү шинэ амжилтуудыг бүтээж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна, мөн бүрэн чадамж ч байна” гэж тэмдэглэсэн нь Хятад улс цаашид өрнөдийн улс орнуудтай адилгүй замаар буюу өөрийн онцлогтой хөгжлийн замыг хатуу баримтална, цаашлаад тус улс урьд урьдаас илүү өөртөө итгэлтэй байж, их гүрний байр сууринаас, өөрийн онцлогтойгоор, зориг бардам урагш алхах нь гэж дүгнэхээр байна.
Хятад улс ирээдүйн хөгжлийнхөө ерөнхий дүр төрхийг шинжлэх ухаан технологиор бие даан хүчирхэгжиж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах байдлаар зураглажээ.
Ашигласэн эх сурвалж:
[1] 全国政协常委赖明:深刻认识全面理解中国式现代化https://www.rmzxb.com.cn/c/2022-11-08/3237035.shtml
[2] http://www.gov.cn/xinwen/2022-10/25/content_5721685.htm习近平:高举中国特色社会主义伟大旗帜 为全面建设社会主义现代化国家而团结奋斗——在中国共产党第二十次全国代表大会上的报告
[3] 坚持高质量发展 推进共同富裕http://theory.people.com.cn/n1/2022/1103/c40531-32557777.html
[4] 从党的二十大看以中国式现代化全面推进中华民族伟大复兴http://www.gov.cn/xinwen/2022-10/20/content_5719960.htm
[5] 习近平看望参加政协会议的经济界委员http://www.xinhuanet.com/politics/2020-05/23/c_1126023987.htm
[6] 二十大进一步明确了扩大内需对未来经济增长的重要性
http://www.50forum.org.cn/home/article/detail/id/9919.html
[7] Politics Will Determine China’s Economic Future During Xi’s Third Term https://www.cfr.org/in-brief/politics-determine-china-economic-future-xi-jinping-third-term
— Боловсролын ухааны доктор (Ph.D), Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, Хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ