CRI Монгол радио
Америк Хятадтай зарласан татварын дайнаасаа сургамж авах ёстой
“Хятадтай зарласан татварын дайн эдийн засаг, улс төр, хууль эрх зүйн хувьд бүгд бүтэлгүйтсэн” хэмээн Америкийн “Капитол Хилл” сонин нэгэн нийтлэлдээ бичиж, Америкийн Хятадад хэрэгжүүлсэн татварын дайн бүх талаар ялагдсан болохыг хүлээн зөвшөөрчээ. Үнэнийг хэлэхэд энэ үр дүн эхнээсээ тодорхой байсан бөгөөд дөрвөн жилийн турш олон баримтууд үүнийг нотолсон болно.
2018 оны 3-р сарын тухайн үеийн АНУ-ын Трампын засгийн газар “301 тоот шалгалт” гэгчийг хэрэгжүүлж Хятадтай худалдааны дайн зарлан, Америкт экспортолж буй Хятадын 360 орчин тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулан, “Худалдааны дайн хялбар, ялалт ойрхон” хэмээн цээжээ дэлдэж байсан. 2021 оны 1-р сард Байден ерөнхийлөгч болсны дараа ч өмнөх засгийн газрын Хятадад хэрэгжүүлж буй татварын бодлогыг үргэлжлүүлэв. Одоо эргэн харахад дөрвөн жил үргэлжилсэн татварын дайн нь “өөдөө харвасан сум өөрийн толгой дээр” гэгчийн үлгэр болж, өөрийгөө л багагүй хохироожээ.
Эдийн засгийн тоо баримт бол хамгийн бодитой гэрч юм. Эхэндээ Трамп Хятадад ногдуулсан нэмэлт татвар нь худалдааны алдагдлыг бууруулж, үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой юм, нэмэлт татварыг Хятад улс төлөх болно гэсэн. харин Moody’s-ийн судалгаанаас үзэхэд Америкийн Хятадад зарласан худалдааны дайнд нэмэлт татварын 90-ээс дээш хувийг Америкийн тал төлжээ. Хятадад ногдуулсан нэмэлт татвар нь Америкийн хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийн зардлыг эрс нэмэгдүүлж, Америкийн үйлдвэрлэлийг ч сэргээж чадаагүй юм хэмээн “Bloomberg” агентлаг онцолжээ.
Үүгээр зогсохгүй АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр, АНУ-ын Хятадтай хийсэн худалдааны алдагдал 2021 онд 14.5%-иар нэмэгдэж, 355 тэрбум 300 сая ам.долларт хүрч, 2018 оноос хойших шинэ дээд үзүүлэлт болнжээ. Холбогдох судалгаанаас үзэхэд Хятадтай хийсэн худалдааны дайны улмаас Америкийн аж ахуйн нэгжүүд 1.7 их наяд ам.долларын алдагдал хүлээж, 250 мянган ажлын байраа алдаж, нэг айлд ногдох жилийн зардал 1300 ам.доллараар нэмэгджээ.
Зөвхөн эдийн засаг ч биш Америкийн улс төрийн тооцоо ч үр дүнгүй болсон. Татварын дайнаар Хятад улстай “стратегийн өрсөлдөөн” зарлан, Америкийн улс төр, эдийн засаг, цэрэг дайн, технологийн салбар дахь ноёрхлоо хамгаалахыг Трамп хүсжээ. Гэтэл тэд зорилгодоо хүрч чадсангүй. Энэ дөрвөн жилд Хятад улс өөрийн хэмнэлээрээ хөгжиж, улс орны нэр хүнд, язгуур ашиг сонирхлоо хамгаалж, хөгжил болон аюулгүй байдлын санаачилгыг баттай барьж чадлаа.
Хууль эрх зүйн хувьд Америк буруутай болох нь тодорхой байв. Америкийн тал ганц талт хориг арга хэмжээ авч буй нь дэлхийн худалдааны байгууллагын олон талт үндэс суурьд ноцтой хохирол учруулж, олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлийг хүлээв.
Буруу шийдэл буруу үр дагавар дагуулдаг. Америкийн тал Хятадын хөгжлийг зөвөөр үнэлэх хэрэгтэй. Хятадын хөгжлийн зорилго нь Америкийг орлохын тулд биш харин ард түмэндээ илүү сайн сайхан амьдралыг эдлүүлэхийн төлөө юм хэмээн Хятадын тал олон удаа онцолсон. Хятад, Америк хамтран ажиллах юм бол хамтаар хожиж, харилцан сөргөлдөх юм бол цугаар хохирно гэдийг энэ үйл явдал ахин гэрчилжээ. Америкийн тал алдаанаасаа сургамж авч ахин буруу шийдвэр гаргахгүй байхыг бид хүсэж байгаа. Өөрийгөө тойруулж барьсан жижигхэн хашаа өөрийгөө л тушна, хаалгаа нээж байж, хамран ажиллаж хамтаар хөгжих болно.