CGTN мэдээ
БНХАУ-ын 2022 оны ололт амжилтаас

БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2022 онд 120 их наяд юань буюу 17 их наяд ам.доллар давсан гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Энэ тухай БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2023 оныг угтан дэвшүүлсэн шинэ оны мэндчилгээндээ улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн ололт амжилтуудаас онцлон дурдахдаа цохон тэмдэглэсэн байна.
Тэрбээр хэлэхдээ “Манай улсын ДНБ 2022 онд 120 их наяд юань давсан гэсэн тооцоо гараад байна. Манай эдийн засаг дэлхийн хоёр дахь том эдийн засгийн байр сууриаа хэвээр хадгалж үлдлээ” гэжээ.
Мөн дэлхий даяар хүнсний хямралтай байгаа хэдий ч БНХАУ 19 жил дараалан арвин ургац хураан авсныг Ши Жиньпин онцлон дурдсан байна.
Түүнчлэн тус улс эдийн засгаа тогтворжуулж, Ковид-19 цар тахлын нөлөөг даван туулахад туслахын тулд бизнес эрхлэгчдийн ачааллыг хөнгөвчлөх зорилгоор татвар, хураамжийн хөнгөлөлтийн бодлого нэвтрүүлжээ.
Бээжингийн өвлийн олимп болон өвлийн паралимпын наадмыг амжилттай зохион байгуулсан, Шэньжөү-13, Шэньжөү-14, Шэньжөү-15 сансрын хөлгүүдийг хөөргөсөн, Хятадын гурав дахь нисэх онгоц тээгч Фүжянийг хөөргөсөн, Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн анхны том оврын зорчигч тээврийн нисэх онгоц болох С919-ийг хөөргөсөн, дэлхийн хамгийн том усан цахилгаан станц Байхэтанийг бүрэн ашиглалтад оруулсан зэрэг ололт амжилтыг Ши Жиньпин улиран одсон 2022 онд Хятад улсын гаргасан амжилтууд дундаас мөн онцлон дурдсан байна.
“Хятад улс”, “дэлхий дахин”, “залуучууд”, “хөгжил” болон “энх тайван” зэрэг үгсийг Ши Жиньпин шинэ оны мэндчилгээндээ хамгийн олон удаа дурджээ.
Тэрбээр хэлэхдээ “Өнөөдрийн Хятад улс бол дэлхий дахинтай нягт холбоотой орон” гээд, Хятад улс хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн үйлсэд мэргэн ухаан, ухаалаг шийдлээрээ хувь нэмэр оруулахын төлөө шаргуу ажиллаж байна гэжээ.
Мөн “Цаашид Хятад улс залуучуудаасаа асар их хүлээлттэй улс орон байх болно. Залуус нь хөгжиж байж аливаа улс орон хөгжин цэцэглэх бөгөөд Хятадын залуучууд урагш тэмүүлж, үүрэг хариуцлагаа үүрэх хэрэгтэй” гэсэн байна.
Түүнчлэн “Хятад улс бол мөрөөдөл нь биелэлээ олдог орон юм. Ард түмний хөлс, хүчгүйгээр ямар ч амжилтад хүрч чадахгүй. Хятад улс цаашид ч шаргуу хөдөлмөрөөр гайхамшгийг бүтээдэг улс орон байх болно” гэж Ши Жиньпин хэлжээ.
