Дүүрэг
Хятадын Хубэй мужид өчигдөр 1,933 халдвар шинээр бүртгэгдэж, 100 хүн нас баржээ
Шинэ төрлийн коронавирусийн тархалтын төв Хубэй мужид сүүлийн 24 цагийн хугацаанд 1,933 хүн шинээр халдвар авч, 100 хүн нас барсан тухай албаныхан өнөөдөр өглөө мэдээлжээ.
Бямба гарагт тус муж 1,843 шинэ халдвар бүртгэгдэж, 139 хүн нас барсан тухай мэдээлж байв. Өөрөөр хэлбэл халдварын тоо өмнөх өдрөөсөө тав орчим хувиар өссөн бол нас барсан хүний тоо 28 хувиар буурсан байна.
Шинээр илэрсэн халдварын тоо Пүрэв гарагаас хойш гурван өдөр дараалан буурч байснаа ийнхүү дахиад өсжээ. Хубэй мужид шинээр илэрсэн халдварын бараг 90 хувь нь Ухань хотод бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Хятад даяар халдвар авсан хүний тоо 70,445, нас барсан хүний тоо 1,765 болжээ.
Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 71,223, нас барсан өвчтөний тоо 1,770 болсон байна. Халдвар авсны дараа бүрэн эдгэрсэн хүний тоог 10,607 гэж мэдээлжээ.
Covid-19 гэж албан ёсоор нэрлэгдсэн коронавирусийн халдварын тархалтыг урьдчилан таамаглах боломжгүй байгаа тул олон улсын мэргэжилтнүүд Хятадын албаныхантай уулзаж эхэлсэн тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр мэдэгджээ.
Эх сурвалж: South China Morning Post, AFP