Дэлхий
Оросын дэмжлэгтэй эмх замбараагүй байдал үүсгэх хуйвалдааныг таслан зогсоосноо Молдовын цагдаа мэдээлэв
Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх төлөвлөгөөтэй байсан Оросын дэмжлэгтэй бүлэг этгээдийг илрүүлж, хуйвалдааныг нь таслан зогсоосноо Молдов улсын цагдаагийн ерөнхий газар Ням гарагт мэдээлжээ.
Нийслэл Кишинёв хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр тэд үймээн самуун дэгдээх зорилготой байсныг цагдаагийн газрын дарга Виорел Гернотеану өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. Ажиллагааны үеэр нийт долоон хүнийг баривчилсны зарим нь ОХУ-ын иргэд байжээ.
Ням гарагт болсон жагсаалыг Ард Түмний Хөдөлгөөн хэмээх байгууллага зохион байгуулж, Молдовын 101 суудалтай парламентад зургаан суудал эзэлдэг, Оросын талыг баримтлагч Шор нам дэмжсэн юм байна.
Жагсаалд оролцогчид эрх баригчдаас “дайнд хошуу дүрэхгүй” байхыг, бас Европын талыг баримтлагч ерөнхийлөгч Маяа Сандуг огцрохыг шаардаж байжээ.
Энэ үеэр бөмбөг дэлбэлэх дөрвөн удаагийн сүрдүүлэг цагдаагийн газарт ирсний нэг нь Кишинёв хотын олон улсын нисэх буудалд бүртгэгдсэн байна.
Молдовын хил хамгаалах газар өчигдөр бас өнгөрсөн долоо хоногт тус улсад нэвтрэх гэсэн гадаадын 182 иргэнийг буцааснаа мэдээлжээ.
Тэдгээрийн дотор Украинд дайтаж буй хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн төлөөлөл байж болзошгүй хүмүүс байсан гэнэ.
Бямба гарагт Молдовын авлигатай тэмцэх газар Шор намын хууль бус санхүүжилтийг мөрдөн шалгах үеэрээ 220,000 еврог бэлнээр илрүүлснээ зарлаж байв.
Энэ мөнгийг Ням гарагт болох эсэргүүцлийн жагсаалыг санхүүжүүлэхэд зориулах гэж байсан гэж дүгнэжээ.
Шор намын дарга, олигархи Илан Шор одоо Израилд дүрвээд байгаа юм.
Тэрбээр Москвагийн эрх ашгийг төлөөлдөг шалтгаанаар АНУ-ын төрийн департаментын хар жагсаалтад орсон хүн. Их Британийн засгийн газар арванхоёрдугаар сард бас түүнийг хар жагсаалтдаа оруулсан юм.
Шор нам өнгөрсөн оны намар Молдовт хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байжээ. Тухайн үед засгийн газар тус намыг татан буулгах хүсэлтийг Молдовын үндсэн хуулийн шүүхэд гаргаж байв.
Эх сурвалж: Associated Press