CRI Монгол радио
Хятадын төв радио телевиз /ХТРТ/-ийн захирал шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв
2023 оны нэгдүгээр сарын 1-нд Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн CGTN, Хятадын Олон Улсын Радио болон интернетээр дамжуулан гадаадын үзэгч, сонсогчдод шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт найз нөхөд өө,
Ээлт наран эх дэлхийгээ ивээж, бид бүхэн хүсэн хүлээсэн 2023 оноо угтан авлаа. Бид Бээжин хотоос та бүхэнтэйгээ мэндчилж байна.
Улиран одож буй 2022 онд ХКН-ын 20-р их хурал амжилттай хуралдаж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын үүрэг, замналыг урагшлуулах тухай тодорхойлов. Шинэ эрин үеийн оролцогч, гэрч, сурталчлагчийн хувьд Хятадын Төв Радио Телевиз дэлхий дахинд хурлын тухай дэлгэрэнгүй мэдээлж, “Дэвшилтэд арван”, “Хөгжил хурайлсан арван жил” зэрэг шилдэг контентуудыг бүтээж, Хятадын шинэ эриний арван жилийн ер бусын гайхамшигт үйл явдлыг тодоор өгүүлэн гадаад дотоодын үзэгч сонсогчдынхоо талархлыг хүлээсэн юм.
Өнгөрсөн жилд бид “Үзэл бодол+урлаг+технологи”-ын нэгдэл инновацийг судалж, “Дэлгэц бүрт чанартай бүтээл” туурвих зорилт тавьж ажилласан. Бээжингийн Өвлийн олимпын наадмыг мэдээлэхдээ ХТРТ технологиор жигүүрлэсэн “Хятадын онцлог бүхий романтик” арга барилаар Олимпийн оюун санаа болон Хятадын соёлыг төгс нэгтгэж, орчин үеийн дэвшилтэт технологиор Олимпын наадамд хувь нэмэр оруулсан. Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах “ХТРТ-ийн Олимпын наадмын тэмцээнийг мэдээлж сурталчилсан нь урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээтэй, амжилттай дамжуулалт болсон” хэмээн өндрөөр үнэлэв. Мөн “Сонгодог бүтээл дэх Хятад орон”, “Хятад орныг найраг зургаар” зэрэг шилдэг контентууд нь Хятадын соёл иргэншлийн олон мянган жилийн түүхийг уран сайхны хэлбэрээр тайлбарлаж, хүн төрөлхтний соёл иргэншлийн харилцааны туршлагын талаар эрэлхийлэл хийснээрээ онцлог боллоо. Хаврын баяр, намрын дунд сарын баяр болон шинэ жилийн гала тоглолт нь хилийн чанадад Хятадын соёлыг сурч судлах халуурал үүсгэв. “Хятадын баримтат киноны фестиваль”, “Хятад-Латин Америкийн соёлын солилцоо”, “Хятад-Африкийн соёлын солилцоо” зэрэг арга хэмжээ нь кино урлагаар дамжуулан соёл иргэншлийн солилцоо болон иргэд хоорондын харилцааны гүүрийг урлав.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Дэлхийн хэвлэл мэдээллийн инновацийн анхдугаар форум, Хятад-Аргентиний хүмүүнлэгийн солилцооны дээд түвшний форум, Хятад-Арабын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум зэрэг олон сэдэвт хэвлэл мэдээллийн форум, арга хэмжээ зохион байгуулж, цаашид бүс нутгийн “Хэвлэл мэдээллийн түнш”-ийн хамтын ажиллагааны механизмыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, солилцоо, хамтын ажиллагаагаар дамжуулан олон улсын хэвлэл мэдээллийн салбарынхантай харилцаагаа хөгжүүлэв. ХКН-ын 20-р их хурлын дараа бид хилийн чанадад “Шинэ аян дахь Хятад улс болон дэлхий нийт” хэмээх хэвлэл мэдээллийн 58 удаагийн арга хэмжээгээр дамжуулан олон орны найз нөхөдтэй Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн эрин үеийн үнэ цэнэ болон дэлхийд ямар ач холбогдолтой талаар санал бодлоо солилцож, олон улсын хэвлэл мэдээллийн 2000 гаруй байгууллагатай хамтран ажиллав.
Хятад улс түүхийн зөв сонголт, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн зөв талд тууштай зогсож, дэлхийн энх тайван, хөгжлийн үйл хэрэгт Хятадын санаачилга, шийдлээр хувь нэмэр оруулах болно хэмээн Хятадын улсын дарга Ши Жиньпин олонтаа онцолсон билээ. Түгээн дэлгэрүүлэх хүч бол олон улсын хэвлэл мэдээллийн чухал үзүүлэлт бөгөөд үнэн бодит байх нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн амин сүнс юм. Өнгөрсөн онд бид мэдээлэл бэлдэх олон улсын сүлжээгээ сайжруулж, онцлох мэдээлэл бэлдэх чадвараа дээшлүүлж, 44 хэлээр нэвтрүүлэг бэлдэж байсныг 68 хэлээр болгож, дэлхийн 233 улс орон, бүс нутагт нэвтрүүлгээ цацаж байна. Орос, Украины мөргөлдөөн, цар тахлын талаар мэдээлэхдээ бид өрөөсгөл үзлийг үл тунхаглаж, үнэнийг баримтлан, Хятадын байр суурь болон Хятадын шийдлийг үнэн бодитой, шударгаар олон улсын хамтын нийгэмлэгт түгээсэн юм.
Шинэ ондоо бид шаргуу ажиллаж, зоригтой урагшилж, шинэ эриний Хятадын шинэ төрхийг Олон улсын хамтын нийгэмлэгт олон талаас нь харуулах болно. Энэ онд “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлсний 10 жилийн ой тохиох болно. Бид хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж, найзын хүрээгээ тэлж, соёл иргэншлийн харилцааг дэмжиж, бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг сурталчлан, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын тулд хэвлэл мэдээллийнхээ дархан үүргийг гүйцэтгэх болно.
“Хан тэнгэрийн нарнаар уул ус үзэсгэлэн, хаврын салхины уринаар өвс ногоо анхилуун”. Хаврын дуу ойртож буй энэ мөчид та бүхэнд шинэ оны мэнд хүргэж, аз жаргал, амар амгаланг айлтгаж байна. Баярлалаа.