Дэлхий
Х.Рухани: АНУ-ын шахалт хэлэлцээ хийхэд нөлөөлөхгүй
Иран улсыг хэлэлцээний ширээнд суухад АНУ-ын хориг арга хэмжээнүүд нөлөөлж чадахгүй гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани өнгөрсөн ням гарагт Техран хотноо зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“АНУ хэлэлцээ хийх хүсэлтэй байвал 2018 онд гарсан цөмийн хэлэлцээндээ эргэн нэгдэх хэрэгтэй” гэж Х.Рухани дахин мэдэгдсэн байна. Мөн тэрбээр АНУ Ирантай дайтна хэмээн үзэхгүй байгаагаа илэрхийлээд, энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг улиран сонгогдоход сөргөөр нөлөөлнө хэмээн хэлжээ. Мөн Ойрхи Дорнодод аюулгүй байдлыг цогцлооход Иран ихээхэн хувь нэмэр оруулж буйг Х.Рухани онцолсон байна.
АНУ цөмийн гэрээнээс 2018 онд гарч, Ираны эсрэг хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор хоёр талын хурцадмал байдал өсөн нэмэгджээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр АНУ-ын агаарын цохилтын улмаас Ираны Зэвсэгт хүчний командлагч Касим Сулеймани амиа алдсаны хариуд Ираны тал Ирак дахь АНУ-ын цэргүүдийн байрыг онилон халдлага үйлдсэн юм.
Д.Трамп Ирантай хэлэлцээ өрнүүлэхийн тулд тус улсад “дээд хэмжээний шахалт” үзүүлнэ гэж мэдэгджээ. Үүний хариуд Х.Рухани өнгөрсөн ням гарагт мэдэгдэхдээ, бид АНУ-ын шахалтад огт бууж өгөхгүй бөгөөд тэд өөрсдийнхөө шахалтыг үр дүнд хүрэхгүй гэдгийг ч мэдэж байгаа гэжээ.