CRI Монгол радио
Хайнаньд амьдарч буй харийн хүмүүс
Хятадын хамгийн том эдийн засгийн чөлөөт бүс, олон улсын аялал жуулчлалын арал, халуун бүсийн ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол бүс, Азийн Бө-Ао форум зохион байгуулдаг суурин газар зэрэг олон нэршилтэй Хайнань мужийн хурдтай хөгжил хүмүүсийн анхаарлыг их татаж байна. 2018 оны 4-р сарын 13-нд Хятад улс Хайнань арлыг чөлөөт худалдааны туршилтын бүс болгон байгуулахаа зарлаж, Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг эрчимтэй хийж эхэлсэн юм.
Хайнань мужийн экологийн өвөрмөц орчин, бизнесийн хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлсэн нь гадаадын иргэдийн хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх сонирхлыг ихээр татах болжээ.
Японы Чиба Хиденобу: Хайнаний чөлөөт худалдааны боомт маш их ирээдүйтэй
Чиба Хиденобу бол сөрфчин хүн. Хайнаньд аялахдаа, энд сөрфинг хөгжүүлэх таатай нөхцөл байгааг харж маш их сэтгэл хөдлөв. Тэрбээр, 2010 оноос Хайнаньд суурьшиж Ваньнин хотод серфинг клуб ажиллуулж байна.
Хайнаньд чөлөөт худалдааны боомт байгуулахыг зарласнаас хойш Хидэнобу худалдааны мэдээлэлд ихээхэн анхаарал хандуулж эхэлжээ. Хятадад мэргэжлийн спортын барааны дэлгүүр ажиллуулах мөрөөдөлтэй гэдгээ ярьж байлаа. Зөвхөн сөрфингийн тоног төхөөрөмж төдийгүй цанын хэрэгсэл, ширээний теннис, гольф болон бусад спортын тусгай хэрэгслээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх юм байна.
Пакистаны бизнес эрхлэгч Зеешан Касим Хан: Гадаад хүмүүс Хайнаньд ажиллаж амьдрах боломж нэмэгдэж байна
Зеешан Касим Хан бол Пакистаны бизнесмен. Хайнаньд арав гаруй жил амьдарч байгаа хүн. 2018 онд Хайнаний чөлөөт худалдааны бүс, чөлөөт худалдааны боомт ажлыг эхлүүлсэн нь Касимд шинэ сонголт хийх боломж олгожээ. Хятадын өөр мужид бизнес эрхлэхээр төлөвлөж байсан Касим бизнесийн ирээдүй, шинэ боломжуудыг олж харж, энд үлдэхээр шийдсэн байна.
Тэрбээр Хайкоу хотод худалдааны компани байгуулж, Пакистаны будаа, хивс, гар урлал болон бусад барааг Хайнаньд авчирч, Хятадаас гар утасны дагалдах хэрэгсэл, чийдэн, хувцас, гутал зэргийг авч АНУ, Канад болон бусад улсуудад гаргаж байна.
Африк залуу Кингсфорд: Хайнаньд нутгийн онцлог бүтээгдэхүүн авчирлаа
Хайнаний багшийн их сургуульд 2017 онд суралцахаар Гана улсаас ирсэн Кингсфорд одоо энэ нутаг ажиллаж амьдарч байна. Хятад улс 5 жилийн өмнө Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомтыг Хайнаньд байгуулахаар зарлахад, тухайн үед сургуулиа төгсөж амжаагүй байсан Кингсфорд шинэ боломжийг олж харжээ. Хайнань чөлөөт худалдааны боомтын хөнгөлөлттэй бодлого, тэр дундаа импортын барааг гаалийн татвараас чөлөөлнө гэдгийг мэдээд, биенесийн алтан үе наашилж, маш чухал боломж ирж буйг ойлгожээ. Хэдхэн сарын дараа Кингсфорд Хайкоу хотод олон улсын худалдааны компани байгуулсан юм.
Кингсфордын компани нь голчлон импорт, экспортын худалдаа эрхэлдэг бөгөөд ши тос, Африкийн хар саван зэргийг зардаг. Түүний мөрөөдөл нь Хайнань, тэр байтугай Азид Африкийн хамгийн том брэндийг бий болгож, илүү олон хүнд Африкийн сайн чанарын бүтээгдэхүүнтэй танилцах боломжийг олгох явдал юм.