Эдийн засаг
“Шарын гол” ХК-ийн борлуулалтын орлого 2019 онд 27 хувиар өсөж, 61.9 тэрбум төгрөг болжээ
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй эрчим хүчний нүүрсний компаниудаас “Шарын гол” ХК 2019 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компанийн борлуулалтын орлого 2019 онд 27 хувиар нэмэгдэж, 61.9 тэрбум төгрөг болсон байна.
Тайлант хугацаанд “Шарын гол” ХК гадаад валютын ханшийн зөрүүнээс хүлээсэн алдагдлын хэмжээ 2018 оныхоос 2.3 дахин буурч, 788.7 сая төгрөг болжээ. Улмаар алдагдал нь 2.3 дахин буурч, 1.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласнаа тайлагнасан байна. Өнгөрсөн онд “Шарын гол” ХК-ийн Үйлдвэрчний эвлэл эрчим хүчний нүүрсний үнийг олон жил барьж байгааг эсэргүүцэж, цаашид зах зээлийн зарчмаар чөлөөлөх шаардлага тавьж байсан юм. Улмаар “Шарын гол” уурхайгаас “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлж байсан эрчим хүчний нийлүүлэлт тодорхой хугацаагаар тасалджээ.
“Шарын гол” ХК-ийн нэг тонн нүүрсний үнийг 40 мянга 500 төгрөгөөр тогтоосон байна. Олон жил Төрөөс үнийг барьсан учир компанид 45.6 тэрбум төгрөгийн өр хуримтлагдсан талаар “Засгийн газрын мэдээ” сонин мэдээлж байлаа.
Тус компани 500 гаруй ажилтантай. 1960-аад оны эхээр ашиглалтад орсон сайн чанарын хүрэн нүүрсний томоохон орд болох “Шарын гол” нь жилд 1-1.2 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай юм.
“Шарын гол” ХК-ийн хувьцааны ханш 1255 төгрөг, зах зээлийн үнэлгээ 12.7 тэрбум төгрөг байгаа талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.