Улс төр
Ч.Номин: Соёл бол бидний оршин тогтохуйн үндэс, амин чухал баталгаа
Соёлын сэргэлт 2023” аяны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Төв аймгийн Зуунмод хотын Монгол туургатан театрт болов.
Нээлтэд Соёлын сайд Ч.Номин, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нар оролцлоо. Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, хөгжүүлэх нь Монголчууд бидний оршин тогтохуйн үндэс, амин чухал баталгаа хэмээн нээлтийн үеэр Соёлын сайд Ч.Номин онцолсон юм.
Төв аймгийн “Соёлын сэргэлт 2023” аяныг Чингис хаан үндэсний музей хариуцаж ажиллаж байгаа бөгөөд аймгийн Соёл, Урлагийн газартай хамтран энэ сарын 11-нээс сумдад тусгай хуваарийн дагуу соёл урлагийн үйлчилгээг хүргэх юм.
Монгол туургатан театрт болсон аяны нээлтийн үеэр, Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ, монгол соёл” сэдвээр лекц уншиж, Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, М.Болд, зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн тэргүүтэй урлагийн мастеруудын хүндэтгэлийн тоглолт боллоо.
Мөн Зуунмод сумын иргэд монгол туургатан театрт дэлгэсэн Монгол улсын үе, үеийн Ерөнхийлөгч нарт гадаадын орнуудаас бэлэглэсэн бэлгийн түр үзэсгэлэн, өнөөгийн төв аймгийн иргэдийн аж байдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.