Дэлхий
Хятадын дотоод үйлдвэрийн анхны нисэх онгоц анхны нислэгээ үйлджээ
Хятад улсын дотооддоо зохион бүтээсэн анхны зорчигч тээврийн нисэх онгоц Ням гарагт анхны нислэгээ үйлджээ.
Boeing 737 MAX, Airbus A320 онгоцнуудтай өрсөлдөх C919 загварын энэ онгоцыг үйлдвэрлэхэд зарим эд ангийг нь гадаадаас импортолсон юм байна.
“Ирээдүйд манай ихэнх зорчигчид эх орныхоо үйлдвэрийн нисэх онгоцоор аялдаг болно” гэж CCTV суваг мэдээлжээ.
China Eastern Airlines компанийн MU9191 чиглэлийн нислэгийг үйлдэхээр 130 хүний суудалтай C919 онгоц Ням гарагийн өглөө Шанхай хотын Хончао нисэх буудлаас хөөрсөн байна.
Хятад улс нь өөрийн үйлдвэрийн агаарын зорчигч тээврийн нисэх онгоцтой болсноор Өрнөдийн үйлдвэрлэгчдээс хамааралгүй болох зорилготой.
Гэхдээ төрийн өмчит COMAC (Commercial Aircraft Corporation of China) компанийн үйлдвэрлэсэн энэ онгоцонд хөдөлгүүрээс нь эхлээд олон эд ангийг гадаадаас авчээ.
Даваа гарагаас эхлэн уг онгоц China Eastern Airlines компанийн Шанхай-Чэндү чиглэлийн нислэгт байнга ашиглагдах юм байна.
COMAC компанийн дэд захирал Зань Южин энэ оны нэгдүгээр сард хэвлэлд ярихдаа C919 загварын 1,200 орчим захиалга аваад байгаагаа мэдээлж байв.
COMAC ойрын таван жилийн дотор жилд 150 ийм онгоц үйлдвэрлэх багтаамжтай болохоор ажиллаж буйг тэр бас хэлж байжээ.
Дундаж давхарга нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа Хятадын зах зээл АНУ-ын Boeing, Францын Airbus компаниудын хувьд маш чухалд тооцогддог.
Өнгөрсөн сард Airbus компани Хятад дахь үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөг зарласан юм. Тус компани саяхан Тяньжин дэх үйлдвэртээ А320 загварын хоёр дахь шугамаа нээх гэрээ байгуулжээ.
2008 онд нээгдсэн тус үйлдвэр одоо жилд дөрвөн ширхэг А320 гаргадаг бол хоёр дахь шугам нээснээр энэ онд багтаан 6 хүргэх зорилготой байна.
Эх сурвалж: AFP