Дэлхий
Америкийн шилдэг дипломатчдын нэг Хенри Киссинжер 100 насныхаа ойг тэмдэглэв
АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, топ дипломатч асан Хенри Киссинжер өчигдөр 100 насны сүүдрийг зоогложээ.
1923 оны тавдугаар сарын 27-ны өдөр Германд төрсөн тэрбээр 1960-1970-аад оны Америкийн гадаад бодлогод чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Тухайлбал АНУ-ын цэргийг Вьетнамаас гаргахад Киссинжер гол үүрэг гүйцэтгэж байжээ. Төрийн нарийн бичгийн дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөх зэрэг албан тушаалуудыг найман жил хашихдаа тэр бас Ойрх Дорнодод энх тайван тогтоох, АНУ-Хятадын харилцааг сэргээх зэрэг үйлсэд голлох үүрэгтэй оролцож байсан юм.
Одоо ч тэр олон улсын маргаан зөрчилд зуучлагчаар оролцож, дэлхийн шилдэг бодлогын хүрээлэн, их сургуулиудад илтгэл тавьсан хэвээр байгаа.
АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нарт зөвлөж байсан Киссинжер сүүлд Трампын засаг захиргааны үед Цагаан ордонд зөвлөхөөр ажиллаж байв. Энэ долоо хоногт CBS News сувагт өгсөн ярилцлагадаа тэр Хятадын тал яриа хэлэлцээнд оролцож эхэлснийг Украины дайнд “эргэлтийн цаг үе ирсэн хэрэг” гэж дүгнэжээ.
Украины дайныг “энэ оны сүүлээр дуусна” гэж төсөөлж байгаагаа Киссинжер энэ үеэр илэрхийлсэн юм.
Тэрбээр бас 2021 онд хэвлэгдсэн “The Age of AI: And Our Human Future” номыг хамтран бичилцжээ. Уг номдоо Киссинжер хиймэл оюуны технологитой холбоотой эрсдэлд бэлтгэлтэй байхыг дэлхийн улс орнуудын удирдагчдад уриалсан юм.
Хенри Киссинжер 100 насныхаа ойг Нью-Йорк, Лондон хотууд, өөрийн төрсөн газар болох Германы Фюрт хотод аялан тэмдэглэж байгааг түүний хүү Дэвид мэдээлжээ.
Эх сурвалж: Associated Press