CRI Монгол радио
БНХАУ-ын эдийн засаг тогтвортой, чанартай өсөлтийн замдаа ороод байна
БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2023 оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5 хувиар өсөн 59.3 их наяд юань буюу 8.3 их наяд ам.доллар болсныг тус улсын Үндэсний статистикийн товчооноос (ҮСТ) саяхан гаргасан албан ёсны статистик мэдээ харууллаа. Харин энэ оны хоёрдугаар улиралд тус улсын ДНБ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.3 хувиар өсжээ. Оны эхний хагас болон хоёрдугаар улирлын энэ хоёр үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтүүдээс харьцангуй өндөр буй нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох тус улсын эдийн засгийн өсөлтийн ерөнхий чиг хандлага, төлөв байдлыг тодорхой илтгэн харуулж байна.
Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй буйг дагаад дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ч хүнд хэцүү, олон сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа цаг үед БНХАУ-ын эдийн засаг ингэж өссөн нь тус улс бүх шатанд эдийн засгийн өсөлт, ажлын байр, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж буйн үр дүн гэж шинжээчид үзэж байна.
ҮСТ-ны мэдэгдсэнээр, Хятад улсын зах зээлийн эрэлт аажмаар сэргэж, үйлдвэрлэл, нийлүүлэлт тасралтгүй нэмэгдэж, эдийн засгийн үзүүлэлтүүд бүхэлдээ дээшилсээр байна.
Шинжээчдийн хэлсэнчлэн, дэлхийн эдийн засаг сэргэх гэж олон сорилт бэрхшээлийг туулж буй энэ цаг үед эдийн засгаа 5.5 хувь буюу ийм өндөр хувиар өсгөнө гэдэг амаргүй.
Дэлхийн хамгийн олон хүн амтай тус улс цар тахлын нөлөөнд чамгүй автсан эдийн засгаа өдгөө аль болох чанартай бөгөөд бодитой өсгөхийг эрмэлзэж байна. 2022 онд 3 хувийн өсөлттэй гарсан эдийн засгаа тус улс 2023 онд 5 орчим хувиар өсгөх зорилт дэвшүүлээд буй билээ. Тус улсын эдийн засаг оны хоёрдугаар хагаст ч өндөр үзүүлэлттэй гарч, дээр дурдсан жилийн зорилтдоо саадгүй хүрч чадна гэдэгт олон улсын эдийн засагчид болон шинжээчид эргэлзэхгүй байна. Учир нь эхний хагасын эдийн засгийн үзүүлэлтүүд нь үндсэндээ тус улсыг жилийн зорилтдоо хүрэх замд оруулаад байна.
Мөн эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч улс орнууд дотроос Хятад улсын эдийн засгийн үзүүлэлт энэ оны эхний хагаст хамгийн өндөр гарсан нь цар тахлын нөлөөнд автсан дэлхийн бусад орны эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг болж байна. Олон улсын валютын сангийн мэдэгдсэнээр, энэ онд Хятад улс дэлхийн эдийн засаг, тэр дундаа Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд урьдын адил ихээхэн хувь нэмэр оруулахаар байна. Тус сан нь тавдугаар сард Хятадын эдийн засгийн 2023 оны өсөлтийн урьдчилсан таамгаа өнгөрсөн оны 10 дугаар сард дэвшүүлсэн таамгаасаа 0.8 хувиар өсгөн 5.2 хувь болгосон юм.
Хятад улсын нэг хүнд ногдох орлого нэмэгдэж, зуны амралтаар илүү олон хүн аялж зугаалдаг болсонтой холбоотойгоор бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт хэрэгцээ өдгөө илүү хүчтэй сэргэж байна. Тус улсын байгалийн үзэсгэлэнт газрууд болон аялал жуулчлалын бүсүүд хэрэглэгчдийг татахын тулд оюутнууд, ахмад настнууд гэх мэт хүмүүст үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй тасалбарыг санал болгож эхэлжээ.
Түүнчлэн тус улсад энэ зун кино үзвэрийн борлуулалт ч цэцэглэж байна. Тухайлбал, зургадугаар сарын эхээс энэ сарын дунд үе хүртэлх хугацаанд кино борлуулалтын салбараас олсон орлого өмнөх жилүүдийн мөн үеийнхээс эрс өсөж, шинэ дээд амжилт тогтоосон байна.
Мөн тус улсын иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа цар тахлын өмнөх түвшинд үндсэндээ эргэн очсон нь эдийн засгийн өсөлт эрч хүчтэй байгаагийн өөр нэгэн илрэл юм. Тодруулбал, тус улс энэ оны эхний хагаст 284 сая орчим зорчигчийг агаараар, 1.77 тэрбум зорчигчийг төмөр замаар тээвэрлэжээ.
Хэдийгээр дэлхийн эрэлт сул, гадаад орчны хүндрэл зэрэг сорилтууд эрсдэл учруулж байгаа ч Хятад улс эдийн засгийн чанартай бөгөөд тогтвортой өсөлтийн сэргэлтийн замдаа гарцаагүй орсныг дээр дурдсан эдийн засгийн чухал үзүүлэлтүүд илтгэн харуулж байна.
Г.Солонго