Дэлхий
Украины арми Крымийн боомт дахь Оросын хөлөг онгоцны үйлдвэрт пуужингаар довтолжээ
Украины арми өнгөрсөн Бямба гарагт Крымийн хойгийн Керч хот дахь Оросын хөлөг онгоцны үйлдвэрт 15 ширхэг далавчит пуужингаар довтолсны үр дүнд нэг байлдааны хөлгийг устгаснаа өчигдөр зарлажээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам эдгээр пуужингуудын 13-ыг замд нь устгасан ч нэг нь хөлөг онгоцыг оносон тухай товч мэдээлсэн байна.
Ямар нэртэй хөлөг цохилтод өртсөн талаар мэдэгдэлдээ дурдаагүй юм.
Харин Украины хэвлэлүүд уг хөлгийг Калибр пуужин тээвэрлэх зориулалттай Оросын хамгийн орчин үеийн хөлгүүдийн нэг байсан тухай дурджээ. 20 сар үргэлжилж буй дайны турш Оросын арми Украины нутаг дэвсгэрт довтлохдоо Калибр пуужинг түлхүү ашиглаж байгаа юм.
“Бас нэг хөлөг Москва хөлгийн хувь заяаг давтсан гэдэгт би найдаж байна” гэж Украины агаарын хүчний командлагч Микола Олешчук өөрийн Телеграм хуудсанд бичжээ.
2022 оны дөрөвдүгээр сарын 14-нд устгагдсан Москва хөлөг Оросын Хар тэнгисийн флотын гол хөлөг байсан юм.
Цэрэг дайны чиглэлээр бичдэг Украины зарим сошиал сувгууд Оросын флотын Аскольд хөлөг цохилтод өртсөн гэж мэдээлж байна.
Хар тэнгисийн усанд байрласан уг хөлгөөс Украины газар нутагт пуужингаар довтолсон тухай өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлж байсан юм.
Калибр далавчит пуужин болон Панцирь газар-агаар ангиллын дунд оврын пуужин тээвэрлэх чадвартай Аскольд хөлөг 2023 оны хоёрдугаар хагаст тэнгисийн флотын зэвсэглэлд шилжих тухай Оросын төв хэвлэлүүд өмнө нь мэдээлж байжээ.
Эх сурвалж: Reuters