Дэлхий
Ираны генералын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр бөмбөг дэлбэрснээс 95 хүн амиа алдлаа
Лхагва гарагт Ираны хувьсгалт гвардын командлагч агсан генерал Кассем Сулейманы нас барсны дөрвөн жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээний үеэр хоёр бөмбөг дэлбэрсний улмаас 95 хүний амь үрэгджээ.
Генералын булш байрладаг зүүн өмнөд Ираны Керман хотод болсон энэ халдлагын үеэр хоёр бөмбөг хоорондоо 15 минутын зайтай дэлбэрсэн байна.
Ираны гадаад орнуудад явуулдаг цэргийн ажиллагааны гол удирдагч байсан Кассем Сулеймани 2020 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Иракийн нийслэл Багдад хотын нисэх буудалд АНУ-ын агаарын цохилтод амиа алдсан юм.
Үүний хариуд Ираны эрх баригчид Ирак дахь АНУ-ын хоёр цэргийн бааз руу пуужин харваснаар хоёр улсын хооронд дайн дэгдэх эрсдэл бий болж байв.
Өчигдрийн халдлагыг хэн үйлдсэн нь тодорхой болоогүй байна. Харин Тегераны эрх баригчид үл мэдэгдэх “террористуудад” бурууг тохож байна.
Тухайлбал Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси халдлагыг “хүмүүнлэг бус, жигшүүрт гэмт хэрэг” гэж нэрлэсэн бол Ираны дээд удирдагч Аятолла Хамени халдлага үйлдэгчдээс өшөө авахаа амлажээ.
Орос, Турк зэрэг хэд хэдэн улс Ираны удирдагчдад эмгэнэл илэрхийлж, халдлагыг буруутгасан мэдэгдэл гаргасан бол НҮБ-ын тэргүүн халдлага үйлдсэн этгээдүүдэд хариуцлага тооцохыг уриалсан байна.
Ираны эрүүл мэндийн сайд Бахрам Эйноллахи эхлээд амь үрэгдэгсдийн тоог 103 гэж мэдээлснээ сүүлд 95 болгон өөрчилжээ. Өөр 211 хүн шархадсан болохыг төв телевизийн сувгаар мэдээлсэн байна.
Өмнө нь Исламын Улс зэрэг янз бүрийн зэвсэгт бүлэглэлүүд Иранд олон удаа аллага үйлдэж байсан.
Гэхдээ энэ удаагийн халдлага 1979 онд байгуулагдсан Исламын Бүгд Найрамдах Иран Улсын түүхэнд хамгийн их хохиролтой аллага болж байна.
Өмнө нь Ираны нутаг дэвсгэрт гарсан аллагуудад Тегераны эрх баригчид Израил улсын тусгай албадыг буруутгах явдал түгээмэл байсан.
Харин өчигдрийн халдлагад гадаад улс орон оролцсон шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа юм.
Ираны засгийн газар Пүрэв гарагийг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан байна.
Халдлагад хэдийгээр аль нэг талыг албан ёсоор буруутгаагүй байгаа ч Ираны Кудс тусгай хүчний командлагч Эсмаил Каани үүнийг “Сионист дэглэм (Израил) болон АНУ-ын агентууд үйлдсэн” гэж үзэж байгаагаа хэвлэлд ярьжээ.
Халдлага болсон оршуулгын газарт цугларсан иргэд “Америкт үхэл!”, “Израилд үхэл!” хэмээн хашхиралдаж байгаа дүрсийг Ираны төв телевиз харуулсан байна.
Иранд өмнө нь гарсан ийм халдлагуудыг голдуу суннит урсгалыг баримталдаг Исламын Улс террорист байгууллага болон Балучи, Араб угсааны салан тусгаарлагчид үйлдэж байв.
Иран улс нь исламын шашны шийт урсгалын төв юм.
Аравдугаар сарын 7-ны халдлагын дараа Газын зурваст дэгдсэн Хамас-Израилийн дайн Иран-Израилийн зөрчлийг улам хурцатгаад байгаа.
Ираны ивээн тэтгэдэг Йемений Хусит босогчид Улаан тэнгисээр зорчиж буй Израильтай холбоотой хөлөг онгоцнуудад довтолсоор байна. Суэцийн сувгаар Ази-Европыг холбодог Улаан тэнгис бол дэлхийн ачаа тээврийн гол замуудын нэг юм.
Эх сурвалж: Reuters