CGTN мэдээ
Дэлхийн хэрэглэгчид юуны учир Хятадын авто машиныг сонирхдог вэ?

Энэ өдрүүдэд, Шаньдун мужийн Яньтайн боомт зогсоолоос аялалд гарсан нэгэн том оврын ачааны хөлөг онгоц дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Энэ усан онгоцыг Хятад улсын дотоодын хөлөг онгоцны үйлдвэр үйлдвэрлэсэн бөгөөд дотоодод үйлдвэрлэсэн автомашиныг экспортлоход тусгайлан ашиглах авто машин тээвэрлэлтийн анхны усан онгоц юм. Тус усан онгоц Шэньжэниэс 7000 авто машин дүүртэл ачсаныхаа дараа Европ тивд хүрч, тухайн нутгийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах юм. Энэ явдлыг Америкийн Ассошиэйтэд агентлаг, “Хятад улсын автомашины экспорт ид нэмэгдэхийн хэрээр энэ нь Хятад улсын автомашин үйлдвэрлэгч компаниуд гадагшаа хөгжихөд шинэ зам шугамыг нээж өгсөн байна” гэж үнэлжээ.
Өдгөө Хятад улсын автомашин дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагт экспортлогдож байна. Хятад улсын авто машины аж үйлдвэрлэлийн нийгэмлэгээс энэ сарын 11-нд нийтэлсэн тоо бүртгэлд харуулснаар, 2023 онд Хятад улсын авто машин үйлдвэрлэсэн, борлуулсан хэмжээ тус тус 30 саяыг давж, 15 жил дараалан дэлхийд тэргүүлжээ. Үүнд, 4 сая 910 мянган авто машин экспортолсоны дотор шинэ эрчим хүчний авто машин 1 сая 203 мянга байгаа нь нийт хэмжээний 1/4-ийг эзэлжээ.
“Энэ нь Хятад улс нэгэнтээ Японыг давж, авто машины экспортын дэлхийн хамгийн том орон болсоныг харуулж байна” гэж Японы мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн байна. Ройтерс агентлаг зэрэг гадаадын мэдээллийн хэрэгслүүд, энэ нь Хятад улс “авто машины том орон”-оос “авто машины хүчирхэг гүрэн” болоход хийсэн чухал алхам болсон бөгөөд дэлхийн авто машины үйлдвэрлэлийн салбарын төлөв байдалд том чухал өөрчлөлт бий болсныг харуулж байна гэж тэмдэглэжээ.
Дэлхий нийтээрээ юуны учир Хятадын авто машиныг тоож дурлаж байна вэ? “Олон улсын тойм”-д холбогдох мэргэжилтэн ярилцлага өгч, юуны түрүүнд сүүлийн жилүүдийн Хятад улсын авто машины гүйцэтгэл, чанар тасралтгүй сайжран, дэлхийн нэн олон хэрэглэгчдийн таашаалыг хүлээж буйтай холбоотой. Ялангуяа Хятад улсын бие даасан брэндүүд технологийн инновацид түшиглэн, шинэ эрчим хүчний авто машины хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг эзэмшиж, гадаад дахь зах зээлээ улам тэлж, авто машины экспортоо нэмэгдүүлж байна гэв.
АНУ-ын Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом ноднингийн 10 дугаар сард Хятадад айлчлахдаа Хятадын шинэ эрчим хүчний авто машиныг тусгайлан туршин барьж үзсэн юм. “Газар доороо эргэх” хар технилогитой танилцсаныхаа дараа тэрбээр ахуй талбайд эрхий гарган магтаж, “энэ үнэхээр миний төсөөллөөс давсан зүйл, бид арга бодож энэ загварын машиныг Америкт оруулах ёстой” гэж байсан юм. Японы сурвалжлагч Такэда Казуаки, -өнөөдрийн Хятад улсын авто машиныг дээр зууны 90-ээд оны үед харж байсантай харьцуулахад бүрмөсөн өөр болж, “машины гадар үзэмж нь орчин үеийн, хурдаа нэмэх нь маш сайн бөгөөд аюулгүй жолоодлогын системээр тоноглогдсон байна” гэж сэтгэгдлээ ярьжээ.
Бүтээгдэхүүний чанар сайн, үнэ хямдаас гадна технологийн шинэчлэлт, глобал зохион байгуулалтыг хурдасгахыг урт хугацаагаар баримталсаар ирсэн нь Хятадын авто машины компаниудын амжилтад хүрсний гол шалтгаан болсон юм. Хятадын Оюуны өмчийн үндэсний товчооны сүүлд гаргасан тоо бүртгэлээс харахад, Хятад улсдаа шинэ эрчим хүчний авто машины борлуулалтаар эхний аравт орж буй гол гол компаниудын олон улсад хүчин төгөлдөр бүхий патентын тоо нь 100 мянгаас давсан бөгөөд жилээс жилд түргэн өсөх хандлагатай байна. BYD компанийн Брэнд хийгээд олон нийттэй харилцах газрын ерөнхий менежерийн туслах Лүө Хао хэлэхдээ, “Манай компани шинэ эрчим хүчний авто машины үйлдвэрлэлийн бүх гинжингийн гол цөм болсон технологитой бөгөөд судалгаа нээлтэд нийт 100 гаруй тэрбум юань зарцуулсан. Эдүгээ компанийн шинэ эрчим хүчний авто машиныг дэлхийн 59 улс орон, бүс нутагт борлуулж байгаа бөгөөд ноднин Таиланд, Бразилын цахилгаан хөдөлгүүрт авто машины борлуулалтад тэргүүлсэн юм” гэв.
Үүнээс гадна, бүрэн гүйцэд үйлдвэрлэлийн гинжин, нийлүүлэлтийн гинжингийн систем нь Хятад улсын авто машины өрсөлдөх чадварыг дээшлүүлсэн юм. Хятад улсын суудлын машины зах зээлийн мэдээллийн нэгдсэн хурлын нарийн бичгийн дарга Цүй Дуншу, дэлхийн эдийн засаг бууралтад орсон хийгээд Орос Украины мөргөлдөөн зэргийн нөлөөллөөр эдүгээ гадаад дахь авто машин үйлдвэрлэгчдийн нийлүүлэх чадвар зохих хэмжээгээр суларсан байна. Харин Хятадын авто машины үйлдвэрлэлийн гинжин бүрэн гүйцэд, үйлдвэрлэх чадвар нь “КОВИД-19” цар тахлын дараа түргэхэн сэргэж, улмаар экспортыг дайчилсан юм гэв. “Нью Йорк таймс” зэрэг мэдээллийн хэрэгсэл мэдээлэлдээ, авто машины экспортын хамгийн том орон болсон нь Хятад улсын үйлдвэрлэлийн салбарын хүчин чадлыг гэрчилж байгаа бөгөөд Хятад улсын бүтээгдэхүүний чанарт батагаажуулалт хангасан гэж тэмдэглэжээ.
Хятад улс нэн олон авто машин экспортолж буй нь дэлхийн хэрэглэгчдэд чанар сайн, хямд бараа авчирж буйн зэрэгцээ тухайн нутгийн эдийн засаг, холбогдох аж үйлдвэрлэлийн хөгжилд дэмжлэг болж байна. Geely группын дэд ерөнхий захирал Ян Шюэлян, 2017 онд тус компани өрсөлдөөнөөр дамжин Малайзын авто машины “PROTON” брэндэд хувьцаа нийлүүлж, хоёр жилийн хугацаа зарцуулж, энэхүү 40 жилийн түүхтэй авто машины брэнд өмнө нь алдагдалтай байсныг ашигтай болгон хувиргаж, хөгжлийн шинэ эрч хүчээр сэлбэсэн. 2023 онд, “PROTON” брэндийн машины борлуулалт 2022 оныхоос 9.3 хувиар нэмэгдэн, 2012 оноос хойших хамгийн сайн амжилтыг бүтээж, Малайзын зах зээл дэх борлуулалтад таван жил дараалан хоёр дахь байрыг тогтвортой хадгалж ирсэн тухай дурдлаа.
Үүний зэрэгцээ, Хятад улсын шинэ эрчим хүчний авто машин дэлхийн хэрэглэгчдийн гарт очиж, улс орнуудын ногоон хөгжлийн өөрчлөлтөд хувь нэмэр оруулж байна. “Хятад улсын ногоон худалдааны хөгжлийн тайлан (2022)”-гаас харахад, 2021 онд Хятад улсын ногоон худалдааны нийт хэмжээ 1 их наяд 161.09 тэрбум ам.доллар хүрсэн нь ногоон худалдааны дэлхийн нэгдэгч том эдийн засгийн цогц болжээ. Үүнд шинэ эрчим хүчний авто машины борлуулалтаараа 8 жил дараалан дэлхийд тэргүүлэв. Хятад улс инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй, хамтдаа хуваалцах хөгжлийн шинэ үзэл ойлголтыг баримталж, Хятад улсын үйлдвэрлэлийн байр суурийг улам дээшлүүлж, экспортын худалдааны бүтцийг сайжруулж, дэлхийн эдийн засгийн ногоон өөрчлөлтийг дайчлан дагуулах болно гэж зарим шинжээч үзэж байна.
2024 онд Хятад улсын авто машин үйлдвэрлэгч бизнес нэгжүүд хилийн чанадад 5 сая авто машин борлуулах төлөвтэй бөгөөд Зүүн Өмнөд Азийн зэрэг хөгжиж буй орнуудад эрэлт хэрэгцээ ихтэй байна. Энэ нь авто машины экспортоороо дэлхийд тэргүүлж буй Хятад улсын байр суурийг улам бэхжүүлэхийн зэрэгцээ улс орнуудад илүү олон ашигтай боломжийг бий болгоно гэж банк санхүүгийн UBS корпораци сүүлд гаргасан таамаглалдаа дурджээ.
