Нийгэм
Тестостерон дааврын бууралт эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг шинэ судалгааны үр дүн харуулжээ
Эрчүүдийн урт наслалтад тестостерон дааврын хэмжээ чухал нөлөөтэй байж болзошгүйг шинэ судалгааны үр дүн харуулжээ.
Дэлхийн орон орны 24,000 гаруй эрэгтэйн эрүүл мэндийн өгөгдлийг боловсруулсан судалгааны үр дүн өчигдөр “Annals of Internal Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн юм.
Судалгааг Баруун Австралийн Их сургуулийн судлаачид олон орны судлаачидтай хамтран гүйцэтгэжээ.
Ингэхдээ тэд 40-70 насны эрчүүдийн эрүүл мэндийг судалсан өмнөх ажлуудаас тестостерон дааврын түвшин, наслалттай холбоотой өгөгдлүүдийг ашигласан юм байна.
Тестостерон дааврын хэвийн хэмжээг 260-900 ng/dL (nanograms per deciliter) гэж үздэг.
Харин энэ хэмжээ 213 ng/dL хүрэхгүй хэмжээнд буурсан тохиолдолд эрчүүдийн ямар нэг шалтгаанаас үл хамааран наснаасаа эрт үхэх эрсдэл нэмэгдэж байжээ.
Цаашилбал 153 ng/dL хүрэхгүй хэмжээнд буурсан тохиолдолд зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл улам нэмэгдэж байсан байна.
Судалгаанд дааврын эмчилгээ хийлгэсэн эсэхийг тооцолгүй, зөвхөн байгалийн замаар хүний биед ялгарч байдаг тестостерон дааврын хэмжээг тооцжээ.
Эрчүүдийн тестостероны хэмжээ наслалт, эрүүл мэндийн байдал, эмийн хэрэглээ зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан буурч байдаг.
Тестостерон дааврын хэмжээ багассан нь ядарч сульдах, тархины ажиллагаа муудах, сэтгэл санаа хямрах, бэлгийн дур хүсэл буурах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг юм.
Шим тэжээл сайтай эрүүл хоол хүнс, дасгал хөдөлгөөн, стрессээ хянах чадвар зэрэг нь тестостерон дааврын хэмжээг бууруулахгүй хадгалах гол хүчин зүйлс болдог.
Сүүлийн жилүүдэд тестостерон дааврыг нэмэгдүүлэх эм, нэмэлт тэжээл, тарилга, наалт зэрэг эмчилгээний аргууд гарсан ч сөрөг нөлөөллөөс нь болгоомжлохыг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Эх сурвалж: Business Insider