Улс төр
Аснуудын үг зөрөх нь нэгийг хэлж, хоёрыг бодогдуулна

Монголын сэтгүүл зүйн ертөнцөд агуулгаараа нэр зүстэй уран бүтээлчид, улстөрчдийн уул уурхайг уудалж, түмэнд дэлгэдэг цөөн хэдэн хөрөг, ярилцлагын нэвтрүүлгүүд байдаг. Нэг хэсэг олны анхааралд орж байсан “Монгол тулгатны 100 эрхэм”, “Цензургүй яриа”, өдгөө шинэ тутам хүмүүсийн анхаарлыг татаж байгаа “Лхагвын тойм” гэх мэт хуруу дарам цөөн хөрөг, ярилцлагын нэвтрүүлэг байсан, зарим нь одоо ч бий. Дээр дурдсан нэвтрүүлгүүдэд Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, тухайн цагт хашиж байгаа олон хүн орсон. Бүгд л өөр өөрийнхөө байр суурийг хамгаалдаг ч болж өгвөл үнэний талд зогсож байгаа нь анзаарагддаг. Харин “Монгол тулгатны 100 эрхэм” хэмээх нэвтрүүлэгт зочноор морилсон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, “Лхагвын тойм” ярилцлагад морилсон Ерөнхий сайд асан С.Баяр хоёрын байр суурь ихээхэн зөрж байгаа нь олны анхаарлыг татаж байна. Уг нь Н.Энхбаяр, С.Баяр хоёр нэг намынх, нэгэн үеийн, хоёулаа намын удирдлагад ойр ажиллаж байсан гээд байр сууриа зөрүүлэх учиргүй хоёр хүн. Тэгэхээр чухам хэн нь худал яриад байна вэ гэх асуулт гарч ирнэ.
Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Би Сү.Батболдод Тавантолгойг та нар буцааж өгөх нь зүйтэй гэхэд, Дарга аа, маш их мөнгө байна шүү дээ, үүн рүү олон хүн ороод байна, С.Баяр, П.Очирбат, Идэвхтэн, Ц.Элбэгдорж, Г.Батхүү, “Молекул” Батбаяр, Т.Бадамжунай, дэд сайд Цэнгэл гээд энэ хүмүүс тус тусдаа үүрэгтэй, асуудлыг зохицуулах, “Гал гаргахгүй байх” арга хэмжээ авахаар үүргээ хүлээгээд явж байна. Т.Бадамжунайн ард Миеэ Энхболд, Оюунгэрэлийн ард С.Баяр, Ж.Оджаргалын ард Ц.Элбэгдорж байгаа, та ч гэсэн ор л доо, тэрбум тэрбум мөнгө байна. Тэгээд бүгдээрээ их мөнгөтэй больё гэсэн. Би хатуу байр суурьтай байж, үгүй ээ би энэ юманд чинь орохгүй, Тавантолгойг буцааж өг, та нар болоо биш үү, ичихгүй байна уу гээд хатуухан хэлсэн л дээ. Энэ бол 2008 оны үед болсон яриа шүү дээ. Мөн М.Энхболд, С.Баярын засгийн газрууд солигдох зааг, С.Баярын Засгийн газар ажиллаж байх үед ч яригдаж байсан. Эрх ашиг, хөрөнгө мөнгөөр холбогдоогүй учраас би нүүр бардам үгээ хэлж, Монголын ард түмний эрх ашигт харшилсан зүйлийн талаар нэлээн хатуу шүүмжлэлийг хэлж байсан. Миний хэлсэн үгэнд тэд их эмзэглэсэн. Үүнээс болоод би эд нарын зуултанд орсон. Ерөнхийлөгчийн сонгуульд нийлж байгаад унагасан. Зохиомол хэрэгт нийлж байгаад шийтгэсэн” хэмээж байв.
Харин “Лхагвын тойм” нэвтрүүлэгт Ерөнхий сайд асан С.Баяр ярихдаа “Намайг Ерөнхий сайдын алба өгөх болоход уламжлан авч явах хүн Ц.Нямдорж ч байсан, Н.Энхболд ч байсан, тухайн үеийн МАХН-д ерөөсөө олон хүн байсан. Гэхдээ тухайн үед гадаад харилцаа, хөрөнгө татах гээд олон улсын харилцаа эдийн засаг ойлгодог хүн хэрэгтэй байсан юм. Тэр нь С.Батболд байсан. С.Батболд мэргэжлийн хүнээс гадна Гадаад харилцааны, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаад үзчихсэн, туршлагатай гээд олон талаар давуу байсан.
Тиймээс Намын бүлэг, Удирдах зөвлөл дээр ярьсан, зөвлөлдсөн. Хамтарч байгаа нөхөдтэйгээ, Шадар сайд Н.Алтанхуягтай ярьсан. Бас нэг зүйл байсан нь манай хэсэг бизнесмэнүүд Тавантолгойн орд газрын лицензийг авчихсан, төлбөрийг нь төлөөд явж байсан. Үүнийг С.Батболд төрд буцаан өгсөн. Үнэхээр хэдэн бизнесмэнүүд нийлээд ч явуулж чадахгүй том зүйл гэдгийг би ч хэлж байсан. С.Батболдыг Ерөнхий сайдаар сонгох энэ мэт шалтгаанаас гадна Тавантолгойн орд газрыг төрд эргүүлэн өгсөн нь ч нөлөөлсөн. С.Батболдод талархаж явдаг” хэмээлээ.
Эрхэм хоёрын байр суурь, ярианаас анзаарч байхад Тавантолгой гэх зүйлээс өөрсдөө асар холуур явсан гэж ойлгуулах гээд л байр сууриа зөрүүлж будилаад байна уу гэдэг нь анзаарагдана лээ. Аснуудын байр суурь солигдож, үг зөрөх нь нэгийг хэлж, хоёрыг бодогдуулах аж.
С.Данзан
