Энтертайнмент
“Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд каталог хэвлэнэ

Москва хотод байрлах Дорно дахины улсын музейн ерөнхий захирал, түүхийн шинжлэх ухааны доктор А.В.Седов Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун болон дагалдан яваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
А.В.Седов Дорно дахины улсын музейн сан хөмрөгөөс монголын урлаг, соёлын түүхэнд хамаарах шилдэг үзмэрүүдийг танилцуулж, цаашид хамтарсан судалгаа хийж, үзэсгэлэн зохион байгуулах саналтай байгаагаа хэлэв.
Уулзалтаар Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун тус музейд хадгалагдаж буй монголын цуглуулгыг “Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд судалж, 2026 оны хоёрдугаар улиралд каталог хэвлэн гаргана гэлээ.
Дорно дахины улсын музей нь 1918 онд байгуулагдсан эдүгээ оросын соёл, боловсролын томоохон төв төдийгүй цуглуулгад нь Ойрхи Дорнод, Төв ба Дундад Ази, Кавказ, Алс Дорнодын ард түмний урлаг, соёлын олон ховор цуглуулгууд байдаг аж.
Тус музейн сан хөмрөгт XIX-XX зууны монголын түүхэнд холбогдох бурхан шашны эд зүйлсийн цуглуулга, танка зургууд, Занабазарын дэг сургуулийн алтан бурхадууд, монгол зургийн аргаар зурсан уран зургууд, монгол дээл хувцас, малгай, гутал, эмэгтэй хүний гоёл зүүсгэл, мөнгөн аяга, сав суулга, хөгжмийн зэмсэг, модон сийлбэрүүд зэрэг олон үзмэрүүд хадгалагдаж байна.
