Дэлхий
Шинчёнжи сүмийн тэргүүн Өмнөд Солонгосын иргэдээс уучлал гуйжээ
Өмнөд Солонгост шинэ коронавирус тархахад гол үүрэг гүйцэтгэсэн гэгдэж байгаа Есүсийн Шинчёнжи сүмийн тэргүүн Ли Ман Хэ өчигдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, олон нийтээс уучлал гуйжээ.
Тус улсад илэрсэн нийт халдварын тохиолдлын 60 орчим хувь нь Дэгү хот дахь Шинчёнжи сүмийн гишүүд байгаа юм.
“Сүмийн үүсгэн байгуулагчийн хувьд би болсон явдлын төлөө уучлал гуйж байна. Би чадах бүхнээ хийсэн ч тархалтыг зогсоож дийлсэнгүй. Тиймээс иргэдээс уучлал гуйж байна. Засгийн газар Дэгүгийн Шинчёнжи сүмээс халдвар тараахгүй байхын тулд бүхнийг хийж, бид бүх нөөц бололцоогоороо тусалж байна. Ийм зүйл болно гэж би огт төсөөлөөгүй. Яагаад ийм зүйл тохиолдсоныг ойлгохгүй байна. Бид алдаагаа ойлгож байна” гэж Ли Ман Хэ хэлээд өвдөг сөхрөн мөргөжээ.
Даваа гарагийн өглөөний байдлаар Өмнөд Солонгос даяар Covid-19 вирусийн халдварын 599 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тоо 4,335 болсон байна.
Нас барсан өвчтөний тоо 26-д хүрчээ.
Ойрын өдрүүдэд Шинчёнжи сүмийн 210,000 орчим гишүүнээс коронавирусийн шинжилгээ авах тулд халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэх төлөвтэй байна.
Өмнө нь Шинчёнжи сүмийн захиргаанаас мэдүүлэхдээ арванхоёрдугаар сараас хойш Хятадын Ухань хотоос ганц ч сүсэгтэн Өмнөд Солонгост ирээгүй гэж байжээ.
Гэтэл нэгдүгээр сарын 8-нд тус сүмийн нэг гишүүн Хятадын коронавирусийн тархалтын төв болсон Ухань хотоос ирснийг олж тогтоосноо Өмнөд Солонгосын засгийн газар өчигдөр мэдээлсэн байна.
Ням гарагт Сөүл хотын захирагч Пак Вон Сүн сүмийн тэргүүн Ли Ман Хэ болон бусад хүмүүсийг шалгуулахаар прокурорын газарт хүсэлт гаргасан юм.
Шинчёнжи сүмийг тарааж, үйл ажиллагааг нь хориглохыг шаардсан хөдөлгөөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн вэб сайт дээр үүсгэгдэж, 200,000 гаруй иргэний гарын үсэг цуглуулаад байна.
Эх сурвалж: Korea Times