Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”ХК-г хууль бусаар шилжүүлж, хувьчлах хуйвалдаан эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой”ХК-ны хувьцааг хууль бусаар шилжүүлж, улмаар хувьчлахад бэлдэж буй талаар цахим орчинд мэдээлэл цацагдсан. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнээс тодрууллаа.
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны 30 хувийг таван тэрбум ам.доллараар зарна хэмээн мэдэгдэж байсан. Одоо нэг тэрбум ам.доллараар зарна гэж байна? Энэ ямар учиртай юм бол? Ард түмэнд тайлбарлаж өгнө үү?
–Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны 30 хувьд Зүүн Цанхийн уурхайг тэр чигт нь авчихсан. Энэ бол хамгийн ашиг ихтэй, сор болсон нүүрстэй гол орд. Тэгэхээр сорчлон авч байна гэсэн үг. Оорцог толгой, Бор толгой гэх мэт ордуудыг авалгүйгээр үлдээсэн. Зүүн Цанхийн уурхай бол маш баян орд. Хоёрдугаарт, Энэхүү баян ордыг “цаад” хүмүүс чинь яагаад авчихав гэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны нийт орлогын 80 хувийг бүрдүүлдэг учраас тэр. Дараа жил гэхэд 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, хувьцаа эзэмшигч, ногдол ашиг гэдэг зүйл байхгүй болно. Анх таван тэрбум ам.доллар гэж байсныг 1,6 тэрбум ам,доллар болгосон. Харин өнөөдрийн хувьд нэг тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалт хэлбэрээр хийж байгаа. Нэг үгээр огтоос байхгүй болох учраас миний бие үүнд санаа зовж байна.
Нэг тэрбум ам.доллар цаашид өсөх бүрэн боломжтой
-Энэ жил хувьцааны ногдол ашиг гэж өгөөд ирэх жил өгөхгүй гэхээр эхний бөгөөд эцсийн ногдол ашиг болох нь ээ?
-1072 хувьцааны ногдол ашгийг энэ жил өгөхөөр болдог нь хүмүүсийн анхаарлыг сарниулах, тайвшруулахад чиглэсэн арга, мэх гэж харж байгаа. Дараа жил “Эрдэнэс Тавантолгой” ХК-ниас ногдол ашиг авна гэдэг зүйл байхгүй. Гадны хөрөнгө оруулагч энэ компанийн хувь тавиланг шийдэх гээд байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК 40 тэрбум хувьцаа гаргах бөгөөд нэгж хувьцааны нэрлэсэн үнэ нь 25 төгрөг байхаар тооцож байгаа.
Компани орлогогүй болчихвол 1072 хувьцаа ямар ч үр дүнгүй болно
-Ард түмний мэдэлд байгаа компанийг ийнхүү ар хударгаар зарвал та бүхэн зогсоож чадах уу?
– Нэг тэрбум ам.доллар гэдэг бол 2019 оны үзүүлэлт. Энэ үзүүлэлт цаашид өсөх бүрэн боломжтой. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар таван тэрбум ам.долларын хөрөнгийг зах зээлээс босгоно гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 80 хувийг авсан. Одоо сорчлоод хоёр, гуравхан жилийн дотор юу ч үгүй болгох гээд байна. Үүнд санаа зовж байна. Энэ компанид ажилладаг нийт ажилчид ажлын байргүй болно. Компани өөрийн орлогогүй болно. Орлогогүй компани болчихвол 1072 хувьцаа ямар ч үр дүнгүй болно гэсэн үг.
-Коронавирусээр далимдуулан ард иргэдийн анхаарал сонор, сэрэмж суларсан энэ цаг үед хийж болзошгүй луйврыг хэрхэн зогсоох вэ?
-Бид үүнтэй холбоотой мэдээллийг боломжит мэдээллийн сувгуудаар хүргэж байна. Ямартай ч олон нийтийн дэмжлэг ямар байгааг харъя. Ард иргэдээс гарын үсэг цуглуулах төлөвлөгөөтэй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрс гаргадаг байсан бол одоо “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-аас нүүрсээ гаргадаг болчихлоо. Нуугаад байх юм байхгүй, ил зүйл шүү дээ. Үүнийг нууцаар хийж байгаа. “TTJVCO /Ти Ти Жи Ви Си Өү/” ХХК ямар ч тендерт оролгүй их өндөр үнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж, Монгол Улсыг хохироож байна. Олон нийтэд мэдээллийг зөв хүргэхийг хичээнэ. Цаашид өөр олон арга хэмжээ авах боломж байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Ард иргэдээс гарын үсэг цуглуулна гэж байсан. Үүн дээр тодорхой мэдээлэл өгч болох уу?
-Ойрын хугацаанд цахимаар гарын үсэг цуглуулах арга, аргачлалыг хэлэлцээд цахим хуудас бий болгох төлөвлөгөөтэй байна. Түүгээрээ дамжуулан иргэдийн гарын үсгийг авна. Ард түмний зүгээс дэмжлэг хэр байгааг харъя. Тодорхой түвшинд хүрсэн тохиолдолд УИХ болон бусад холбогдох газруудад хандаж, үүнийг зогсоох хүртэл арга хэмжээг авна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.