Дэлхий
Эрдоганыг зориуд Орос-Туркийн дайны тухай баримлын өмнө суулгаагүйгээ Кремль тайлбарлав
Пүрэв гарагт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, Сирийн Идлиб мужид үүссэн зөрчлийг арилгах талаар хэлэлцсэн юм.
Уулзалтын дараа ерөнхийлөгч нар Кремлийн ордонд мэдэгдэл хийх үед тэдний ар талд Орос-Туркийн дайны сэдэвтэй баримал бүхий цаг байрлуулсан байсан нь сэтгүүлчдийн анхаарлыг татсан юм.
1880 онд Евгений Лансерегийн бүтээсэн “Балканыг давсан нь” хэмээх уг хүрэл баримлаар Балканы уулсыг давж байгаа Орос цэргүүдийг дүрсэлдэг.
Тухайн үед Оросын цэрэг Оттоманы эзэнт гүрний армийг ялж, Балканы хойгийн томоохон газар нутгийг чөлөөлж байжээ.
Оросын зарим хэвлэлүүд энэ тохиолдлыг Туркийн ерөнхийлөгчид сануулга өгөх гэж Москвагийн эрх баригчдын зориуд бодож олсон зүйл гэж дүгнэсэн байна.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр уг дүгнэлтийг няцааж, цэвэр тохиолдлын зүйл байсныг мэдэгджээ.
Баримлыг бүтээсэн Лансере нь франц нэртэй боловч орос үндэстэн байв. Тэрээр дэлхий дахинд алдаршсан уран бүтээлч биш тул Эрдоганд уг бүтээл танил бус зүйл гэж зарим хүмүүс үзэж байна.
Тухайн үед ерөнхийлөгч нарын байрлаж байсан Кремлийн танхимд Орос-Туркийн дайныг сануулах өөр зүйлүүд ч байжээ.
Тухайлбал танхимын нэг буланд 18 дугаар зуунд Оросыг 30 орчим жил захирахдаа Крымийн хойгийг Оттоманы эзэмшлээс салгах дайныг хийж байсан Екатерина хатан хааны том баримал байрлаж байв.